fitness
  • 300 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-08

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, гамшгийн талаар мэдлэг олгох зорилгоор “Мэргэшиж мэдээлье” сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.

Шадар сайд С.Амарсайхан “Манай улсын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран хэрэгжүүлж, бүс нутагтаа манлайлан ажиллаж буй улс орнуудын нэг билээ. Австрали Улсын Брисбен хотноо 2022 онд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-аар бүс нутгийн онцлог, нөхцөл байдалтай  уялдуулан Монгол Улсад “Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн төв” болон “Бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын төв”-ийг тус тус байгуулахаар Монгол Улсын гаргасан санаачилгыг бүс нутгийн хэмжээнд хүлээж авсан нь олон улсын түвшинд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын байгууллагын бодлого, үйл ажиллагааг  хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм.  Бид өнөөгийн нөхцөл байдлаа цаашид улам сайжруулж, ард иргэдээ мэдлэгтэй, мэдээлэлтэй, аливаа гамшиг, аюулт үзэгдлийг сөрөн тэсвэрлэх чадавхтай болгох чухал зорилт тавин ажиллаж байна. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч та бүхний оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал” гэлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбарын дэмжлэг, оролцоо”, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар”, Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ “Галын түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага”, ОБЕГ-ын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор “Амилуулах суурь тусламж”, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн сургалтын менежер, дэд хурандаа М.Цогтбаяр “Газар хөдлөлтийн болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хийлээ.

Сургалтад хамрагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын 50 орчим сэтгүүлчдэд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын дэмжлэгтэйгээр хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг хүлээлгэн өгсөн юм. Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр БНТУ-д Монгол Улсын Эрэн хайх, аврах багтай хамт үүрэг гүйцэтгэсэн МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Сүхбаатар, зураглаач Р.Гантөгс, zarig.mn  сайтын сэтгүүлч Н.Мичидмаа, зураглаач Э.Сугарсүрэн, Itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг нарыг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай

Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан. Харин

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

МИАТ компани энэ онд “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хийжээ

Агаарын тээвэрлэгч компаниудад 2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая зорчигч тээвэрлүүлэх зорилт тавьж эн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.