Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлцэлд хүрсэн нэг чухал асуудал нь хийн хоолойн төсөл байв.
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа байгалийн хий дамжуулах хоолойн төслийг Монголын талаас "Эрдэнэс Монгол” компаниар төлөөлүүлэх шийдвэр гаргасан ба энэ хүрээнд “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгуулаад байгаа.
“Эрдэнэс Газ” төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан Ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг бүрэн биелүүлж, одоогийн байдлаар 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийн дарга Б.Цэвэгжав мэдээлж байв.
Тэгвэл байгалийн хийг худалдан авагч тал болох БНХАУ төслийн анх удаа тунхаг бичигт оруулж, албажуулж байгаа юм.
Одоогийн байдлаар тодорхой болоод буй тооцооллуудаас танилцуулбал:
ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө.
Тус төсөл нь жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай, 1,420 мм диаметртэй хийн хоолойн төсөл юм.
Газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.