Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов.
Энэ үеэр Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням“Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-9-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны тав, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл, ослоос зургаан иргэнийг аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 668, аврах ажиллагааны 73, нийт 741 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 20.8 хувиар буурсан үзүүлэлт. Сүүлийн үед амралтын өдрүүдээр шар өвсний түймэр нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт Гал түймэр унтраах анги болон эргүүлийн бүрэлдэхүүн нийт найман удаагийн өнжмөл шар өвсний гал түймрийн дуудлагаар ажиллаж, 6.2 га талбай шатаж байсныг унтраасан. Мөн цаашид үер, усны эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.