fitness
  • 416 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-18

Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн цар тахал дэгдээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн салбарын бодлого хэдийнээ тахлын эсрэг тэмцэхээс илүүтэйгээр цар тахлын дараах сэргэлт рүү гол анхаарлаа хандуулж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (Sustainable Development Goals, SDGs), Бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх (Health and well-being) зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд Тайвань ДЭМБ-ын “Гурван тэрбум”-ын зорилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж, хүн бүрт илүү эрх тэгш эрүүл мэндийн тогтолцоог бий болгоно гэж найдаж байна.

Тайвань эрүүл мэндийн цогц системээрээ дэлхий дахинд алдартай. Тайваньчууд халдварт өвчний тархвар судлалын тандалт, судалгаа, дүн шинжилгээний системээ ашиглан шинэ төрлийн коронавирус (COVID-19) болон бусад халдварт өвчний тархалтыг үр дүнтэй бууруулж чадсан. Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр жишээ болгон авч үзвэл Тайваний COVID-19-ийн 1 сая хүн амд ногдох нас баралтын хувь, нас баралтын тоо хэмжээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /Organisation for Economic Co-operation and Development/ гишүүн 38 орон, Сингапуртай харьцуулахад Тайвань уг үзүүлэлтээр 6-р байранд бичигдсэн. Тайвань нь хамгийн багадаа COVID-19-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан иргэдийн тоон үзүүлэлтээр 4-р байрт бичигдсэн бол 100 хүн ам тутамд ногдох вакцины нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоон үзүүлэлтээр Тайвань 3-рт бичигджээ. Эдгээр нь Тайвань нийгмийг бүхэлд нь эрүүлжүүлэхийн тулд иргэн бүрт эрүүл мэндийн нөөцийг шударга, хүртээмжтэй байдлаар хүргэхийг чухалчилж буйг харуулж байна.

БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ (HEALTH FOR ALL)

Тайвань 1995 онд Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, иргэн бүрт эрүүл мэндийн зохих эрхээ бүрэн эдлэх боломжийг олгосон. Тайвань нь жирэмсэн эхийн эндэгдлийг бууруулах, эх нялхсын эрүүл мэндийг дэмжих зорилгоор жирэмсний хяналт, жирэмсний үеийн чихрийн шижингийн илрүүлэг, цус багадалтын шинжилгээ, гурван удаагийн хэт авиан шинжилгээг хийдэг. Үргүйдлийг бууруулах, үр шилжүүлэн суулгах эмчилгээний эдийн засгийн ачааллыг бууруулах зорилгоор Тайвань үргүйдлийн эмчилгээнд зориулах нөхөн олговор, татаас олгох хөтөлбөрийг өргөжүүлж, эхийн сүүгээр хооллохыг дэмжих, эхийн сүүгээр хооллох таатай орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Үүнээс гадна Тайвань халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хэд хэдэн хөтөлбөрийг бий болгосон. Тухайлбал бодисын солилцооны архаг өвчинтэй иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүд нь эрсдэлт бүлэгт дэмжлэг үзүүлж, хоолны дэглэм, дасгалын зааварчилгаа өгөх зэрэг үйлчилгээгээр хангаж, архаг хууч өвчинд хүргэдэг цусны даралт ихсэх, өндөр холестерин, цусан дахь сахрын хэмжээг бууруулах чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг.

Тайвань мөн ДЭМБ-аас 2025 онд хорт хавдрын нас баралтыг 25%-иар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдартай тэмцэх дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг дэмжихийн зэрэгцээ умайн хүзүүний эсийн шинжилгээнд зориулан нөхвөр олговор, татаас олгож, хүний хөхөнцөр вирусийн (ХПВ) эсрэг вакцинжуулалтад охид эмэгтэйчүүдийг төсвийн зардлаар хамруулж, 2022 оны байдлаар вакцинжуулалтын түвшинг 92.1%-д хүргэсэн.

ТАЙВАНЬД СУРАЛЦАЖ БУЙ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУС ТАЙВАНИЙ ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ (NHI)-Д ХАМРАГДДАГ.

Тайваний Үндэсний эрүүл мэндийн даатгал (NHI) бол нийгмийн эрүүл мэндийн цогц, сайн тогтолцоог бүрдүүлэх гол суурь тогтолцоо юм. Тайваний иргэн бүр болон Тайваньд хууль ёсоор оршин суугаа гадаад иргэд Үндэсний эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой. Ингэснээр иргэд боломжийн үнээр өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээнд эрх тэгш хамрагдах боломжоор бүрэн хангагддаг.

Тайвань дижитал технологийг ашиглан эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд алслагдсан бүс нутаг болон алс холын арлуудад оршин суудаг өвчтөнүүдэд теле эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэн ажиллаж байна. Жил бүр хүнд өвчнөөр шаналж буй олон Монгол иргэд Тайванийг зорин эмчлүүлдэг. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар Тайвань эмч нар өвчтөний түүхийг нарийвчлан судалж, Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай харилцан зөвлөлдөж, өвчтөн Тайваньд ирэхээс өмнө эмчилгээний зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн төдийгүй ингэснээр өвчтөн Тайваньд үзлэг, эмчилгээ хийлгэх хугацааг богиносгох боломжтой байдаг.

Цар тахлын үед Тайвань “Тайваний Чингуан №1” буюу (NRICM101) эмийг хөгжүүлэн гаргаж, Хятадын уламжлалт анагаах ухааны жорыг европ эмтэй хослуулан, өвчтөнд европ анагаах ухаанаас өөр сонголт хийх боломжийг олгож, олон өвчтөнд өвчтөний шинж тэмдгийг үр дүнтэй арилгаж, эдгэрэхэд тусалсан. Цар тахлын үед Тайвань “Тайваний Чингуан №1” буюу (NRICM101) эмийн экспортын тусгай зөвшөөрлийг 13 удаа гаргаж, цар тахалд нэрвэгдсэн бүс нутгийн орнуудад туслалцаа үзүүлэв.

ТАЙВАНЬ МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА СҮҮЛИЙН 20 ЖИЛД ЭРЧИМТЭЙ ӨРГӨЖИН ХӨГЖИЖ БАЙНА.

Энэ онд Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 21 жилийн ой тохиож байна. Тайвань Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эргэн харахад Тайваний Эрүүл мэнд, халамжийн яамны харьяа Тайваний Олон улсын эмнэлгийн мэргэжилтний сургалтын төв (TIHTC), Тайваний улсын болон хувийн эмнэлгүүд нийт 1000 гаруй Монгол эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалт, семинарт хамруулжээ. Тайваний эмнэлгүүд эмнэлзүйн удирдамж зөвлөгөө олгох зорилгоор Монгол Улсруу эмч нар тогтмол илгээж ажиллуулах, хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдмал гэр хорооллуудад эмч нарын баг үнэ төлбөргүй эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлэх, хамтран ажилладаг түнш эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хандивлах зэрэг олон чиглэлээр Тайвань Монголын эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байна.

2022 онд Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хүчин чармайлтаар Тайвань Монголын улсын болон хувийн томоохон эмнэлгүүд нийт 5 хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Монгол орны 20 гаруй эмнэлгийн ажилтнуудыг Тайваньд сургахад нь дэмжлэг үзүүлж, Шүд угаалтын тэмцээнийг ивээн тэтгэсэн. Үүнээс гадна Тайванийг төлөөлөн 600 гаруй мянган ам.долларын үнэ бүхий тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл, шүд эмчилгээний зөөврийн тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг уншдаг төхөөрөмж, лифарген элэгний тарилга болон бусад эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл хандивлаж, Монгол Улсын эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулаад байна.

ТАЙВАНЬ ТУСАЛЖ ЧАДНА, ТАЙВАНЬ ТУСАЛЖ БАЙНА

2017 оноос хойш Тайвань олон жилийн турш Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд уригдан оролцож чадсангүй. Эмнэлгийн үйлчилгээг эрх тэгш, хүртээмжтэй хүргэдэг, өөрийн туршлага мэдээллээ хуваалцахад ямагт бэлэн байдаг орон олон жилийн турш дэлхийн эрүүл мэндийн тогтолцооноос ангид орхигдож байгаа явдал нь итгэхэд бэрх хэрэг төдийгүй дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм. Эдүгээ шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн цар тахлын тархалт буурч, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх яриа хэлэлцээ дэлхий даяар хурдацтай хийгдэж байна. Тайваньчууд тусалж чадах төдийгүй өөрт байгаа олон сайхан санаа, сайн туршлагаасаа хуваалцахад хэзээд бэлэн байдаг тул Тайванийг эдгээр яриа хэлэлцээнээс гадуур орхигдуулж боломгүй юм. Тайваний оролцоотойгоор даян дэлхийг илүү эрүүл, тогтвортой, тэгш эрхтэй болгох боломжтой билээ.

Бид Монгол орны салбар бүрийн төлөөллийг Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад элсүүлэх, ДЭМБ-ын хурал, механизм, үйл ажиллагаанд Тайванийг бүрэн оролцуулах асуудлыг дэмжихийг уриалж байна. Тайвань нь даян дэлхийн улс орнуудтай гар нийлүүлэн хамтран ажиллаж, ДЭМБ-ын дүрмээр тунхагласан “Эрүүл мэнд бол хүний суурь үндсэн эрх”, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” (Leave no one behind) үзэл баримтлал, алсын харааг хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийнэ

ҮЙЛ ЯВДАЛ: Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 29-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 08

Либeртари нам анхдугаар их хурлаа зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгч байна

Либeртари нам анхдугаар их хурлаа зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгч байна

Либeртари нам анхдугаар их хурлаа зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгч байна. Тус намын

Ариунзул С.
Ариунзул С.