Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны (EBRD) хэрэгжүүлж буй RSBP төсөл болон Банк санхүүгийн академийн хамтын ажиллагааны хүрээнд Жижиг, дунд бизнесийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулан дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна.
Эхний сургалтаар оролцогчид нь үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга гэх мэт төрөл бүрийн салбарын жижиг, дунд бизнесийн төслүүдтэй хэрхэн ажиллах талаар нарийн ойлголтыг авах бол дараагийн сургалтаас зээлийн судалгааг тогтсон журмаар шалгах арга барилаас суралцаж, зээлийн төслүүдийг үнэлэхэд нэгдсэн стандартыг ашиглах талаар ойлголттой болох юм.
Тус сургалтад ЖДБ-ийн зээлийн мэргэжилтнүүдээс гадна эрсдэлийн мэргэжилтнүүд, андеррайтерууд, зээлийн хорооны гишүүд болон зээл олголтыг хянах, батлах үйл явцад оролцдог зээлийн бүхий л мэргэжилтнүүдэд хамрагдах боломжтой.
Сургалт нь Танхимаар, Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай явагдах бөгөөд амжилттай суралцаж төгссөн оролцогчдод “RSPB сургалт”-ын цахим гэрчилгээг гардуулна.
Дээрх сургалтуудыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, Олон улсын эксперт НАТАЛЯ СОЛОВЬЁВА удирдан явуулна.
Наталя Соловьёва нь 1998 оноос хойш ЖДБ-ийн зээлийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Казахстанд ЖДБ-ийн зээл анх гарахад ажиллаж байсан хамгийн эхэн үеийн банкируудын төлөөлөл юм. Тэрбээр Төв Азийн болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын санхүүгийн байгууллагуудад сургалт явуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “КазКредитКонсалт” компанийн үүсгэн байгуулагч юм. Наталя Соловьёва нь санхүү, зээл, бизнесийн чиглэлийн мэргэжлийн сургагч багш төдийгүй ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлд олон улсын болон бүс нутгийн төслүүдэд зөвлөхөөр ажилладаг.
Ташрамд дурдахад энэхүү сургалтын орлогоос цуглуулсан төлбөрийг зорилтод бүлэгт санхүүгийн боловсрол олгохтой холбоотой нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрт зориулах болно.