Дэлхийн кино урлагийн хамгийн том арга хэмжээний нэг болох "Каннын кино наадам" Франц улсад энэ сарын 16-27-ны өдрүүдэд болж буй.
76 дахь удаагийн “Каннын кино наадам"-ын Un Certain Regard төрөлд манай улсаас найруулагч П.Золжаргалын "If Only I Could Hibernate" буюу “Баавгай болохсон” УСК нэр дэвшсэн бөгөөд кино багийнхан наадмын улаан хивсэн дээгүүр алхан орж, бүтээлээ танилцуулаад байна. Un Certain Regard төрөлд бүрэн хэмжээний анхны эсвэл хоёр дахь киногоо танилцуулж буй найруулагчид нэр дэвшдэг.
"Баавгай болохсон” УСК-ны хувьд Улаанбаатар хотын гэр хороолол амьдардаг хүсэл мөрөөдөлтэй, сайн боловсролын төлөө тэмүүлдэг өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг бөгөөд агаарын бохирдол, гэр бүлийн орчин, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг цогцоор харуулсан онцлогтой билээ.