Монгол Улсын Их Сургууль, “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап-2023” (NUM Startup Lab 3.0) хөтөлбөрийг 2023 оны тавдугаар 25-ны өдөр нээлээ.
Энэхүү хөтөлбөр нь МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. 2020-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Багш, оюутны стартап 2.0” хөтөлбөрийн үйл ажиллагаанд “Рио Тинто Монгол” ХХК-иас дэмжлэг болгож нийт 90 сая төгрөгийн санхүүжилт олгож байсан ба тус хөтөлбөрийн ач холбогдол, үр дүнг үнэлж 2023 онд санхүүжилтийг үргэлжлүүлэн “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийн үйл ажиллагааг гурван жилийн турш нийт 300 сая төгрөгөөр дэмжих болсон юм.
Арга хэмжээг МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Д.Баяртогтох, Рио Тинто Монгол компанийн Дэд захирал Питэр Батлэр нар нээж, хөтөлбөрт оролцогчдод амжилт хүсэв.
Тус арга хэмжээнд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох оролцож их сургуулиудын инновац, гарааны компанийг хөгжүүлэх бодлого журмын шинэчлэлт болон гарааны компанид олгох дэмжлэг, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Энэ оны хөтөлбөрт Хими, Физик, Биологи, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Санхүү, Менежмент, Боловсрол судлал, Хууль эрх зүй, Мэдээллийн технологи зэрэг салбаруудад технологи хөгжүүлэлт хийх, гарааны компанийн төсөл боловрсуулах зорилгоор нийт 15 багийн 90 гаруй багш, оюутан хамтран ажиллахаар бүртгүүлсэн ба МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудиас төдийгүй Ховд салбар сургуулиас баг бүрдүүлж оролцож, багш оюутны оролцоо идэвхи өндөр байгаа онцлогтой байна. Түүнчлэн тус хөтөлбөрийн үйл ажиллагааны санхүүжилтээс хөтөлбөрт хамрагдсан багуудын үйл ажиллагааг дэмжиж нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг оролцогч баг тус бүрт гардууллаа.
МУИС-ийн СИБГ-ийн менежер, “Багш, оюутны стартап хөтөлбөр”-ийн зохицуулагч Д.Лхагвасүрэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, энэ жилийн хөтөлбөрт МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас төдийгүй Ховд салбар сургуулиас баг бүрдүүлж оролцож, багш оюутны оролцоо идэвх өндөр байгаа талаар мэдээллээ. Түүнчлэн хөтөлбөрийн сургалт, менторын үйл ажиллагаанд олон улсад зохион байгуулагддаг “Startup Weekend Ulaanbaatar” хөтөлбөрийг Start Central Asia компаниас албан ёсны эрхтэй зохион байгуулж буй Монгол улсад инновацын экосистемийг хөгжүүлэхэд гол хувь нэмэр үзүүлж байгаа олон байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа болохыг танилцуулав.
Тус арга хэмжээнд хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллагч байгууллагуудаас МУИС-ийн Бизнес консалтинг төв, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК, ICT групп, Азума шиппинг ХХК, Сократус стартап студи ХХК, Залуу судлаачдыг дэмжих сан, Старт Төв Ази ХХК, М Старс хаб ХХК, Стартап Маркетинг Спэйс ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, стартап төслийн багуудтай инновац, шинэ технологи хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойллоо.