Монголбанк: Арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл их байна.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.3 их наяд төгрөг хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 19.5 хувь болж өсөөд байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэ нь 2022 оныхтой харьцуулахад 5.2 нэгж хувиар, сүүлийн гурван жилд 3.4 дахин өссөн дүн болж байна.
Банкны салбарын реформ буюу системийн нөлөө бүхий дөрвөн банкны IPO, Төрийн өмчит компаниудын хувьчлал зэрэг нь Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэндээ анх удаа 10.3 их наяд төгрөгт хүрэхэд гол түлхэц боллоо.
Одоогоор ХасБанкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц үргэлжилж байна. Хоёрдогч захын арилжаа эхлэхэд хөрөнгийн захын үнэлгээ дахин тэлэх хүлээлттэй байгаа юм.
Нөгөө талаас банкны хувьцаа эзэмшлийн хувь хэмжээнд тавигдсан шаардлагыг биелүүлэх ажил үргэлжилж байгааг Монголбанк мэдээллээ.
“Арилжааны банкнуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл их байгаа. Ялангуяа нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байх системд нөлөө бүхий банкнуудын хувьд хувьцааны төвлөрөл ойролцоогоор 55-95 хувьтай байна. Системд нөлөө бүхий банкнуудын хувьд эхний ээлжид хувьцаагаа олон нийтэд санал болгох хувь 5-10 хувийн хооронд хэлбэлзэж байна. Цаашид нэмж 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсвэл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар дээрх 20 хувийн шаардлагыг хангуулахаар хүлээгдэж байгаа”-г Төв банк мэдээлсэн байна.