Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс тавдугаар сард 211.1 нэгж болж, өмнөх сараас 4.4 хувиар буурсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн сард эрчим хүчний үнэ тогтвортой байсан бол 2022 оны IV улирлаас аж ахуйн нэгжийн үнийн тарифт өөрчлөлт орж, хэрэглээнээс хамааран 14-28 хувиар нэмэгдүүлээд байна
Нийт индексийн 77.9 хувийг уул уурхайн олборлолт, 14.6 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 6.7 хувийг цахилгаан хий, уур, агааржуулалт бүрдүүлсэн байна. Эдгээрээс уул уурхай олборлолтын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн болон худалдсан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 5.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буурчээ.
Харин хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 23.8 хувиар өссөн байна. Согтууруулах болон согтууруулах бус төрлийн ундаа, тамхины үйлдвэрлэгчийн үнэ тавдугаар сард өөрчлөлтгүй байсан бол өмнөх оны мөн үеэс үл ялиг өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Үйлдвэрлэгчийн урсгал зардалд нөлөөлдөг бусад хүчин зүйлсээс харвал цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх сараас 3.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өссөн байна.
Бүх салбарын үйлдвэрлэгчийн үнэд суурь хүчин зүйл болдог эрчим хүчний салбарын үнийг чөлөөлөхөд 5-6 жилийн хугацаа шаардлагатай гэж Эрчим хүчний сайд мэдээлж байсан юм. Өнгөрсөн сард эрчим хүчний үнэ тогтвортой байсан бол 2022 оны IV улирлаас аж ахуйн нэгжийн үнийн тарифт өөрчлөлт орж, хэрэглээнээс хамааран 14-28 хувиар нэмэгдүүлээд байна.