Мал эмнэлгийн ерөнхий газар бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он хүртэлх хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бог малын мялзан нь дэлхий дахинд мал амьтны өвчнүүдээс хамгийн хор хөнөөлтэй өвчин юм. Сүүлийн жилүүдэд төв, зүүн бүсийн аймгуудад уг өвчний тохиолдлыг бүртгэжээ. Нийт өвчилсөн малын 60 орчим хувийг ямаа, ишиг, хурга эзэлсэн байна.
“Үхрийн мялзанг 60 жил тэмцэж, устгаж чадсан дэлхийн туршлага байна. Дараагийн устгах ёстой өвчин бол бог малын мялзан. 15 жилийн дотор устгана гэж 2015 онд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага хамтран тунхаглан энэ бодлогын баримт бичгийн гаргасан” хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газрын Тархвар зүй, мэдээлэл, судалгаа статистикийн газрын дарга С.Батхуяг хэллээ. Тэгэхээр 2030 он гэхэд малын мялзан өвчингүй болохоор зорьжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Халдвар нь өвчтэй мал амьтныг дамжуулан тээвэрлэх, шилжүүлэх асуудлаас үүдэн дамждаг. Өвчин сүргийн дунд халдварлавал 100 хувь тархана. Үхэл нь 20-иос 90 хувьтай байна. Бог малын мялзан урьд нь гараагүй газар тархвал үхэл маш өндөр байна. Харин дахин тархвал малын үхэл харьцангуй бага буюу 20 хүртэлх хувьтай байна.
Халдвар аваад эдгэрвэл тээгч болохгүй. Мал өвчлөөд тодорхой хугацааны дараа эдгэрнэ. Үүний дараа тэр мал тухайн өвчнийг цааш дамжуулах боломжгүй. Малд нэг удаа вакцин хийхэд 3-5 жилийн дархлаажуулалт тогтдог” гэв.
Мялзан өвчин нь хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ, экспорт хязгаарлагдаж, эдийн засагт ихээхэн хор хөнөөл учруулна. Нийт бог малын 80 хувь эрсдэлд ордог, малчид орлогынхоо 14 хувийг алддаг зэрэг уршигтай.
Өвчин тархсан улс, аймгууд нийгмийн гадуурхал, малын гаралтай бүтээгдэхүүний хориг хорио цээрийн дэглэмийн улмаас ажил хөдөлмөр, боловсрол, эмнэлгийн үйлчилгээний тасалдал болон орон нутгийн төсөв хөрөнгөд дарамт үүсэх зэрэг хүндрэлүүд ч учирна.