Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан тээврийн үр ашгийг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх санаачилгууд сэдэвт сургалт боллоо.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн салбар комиссын дэмжлэгээр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа, Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв хамтран сургалтыг зохион байгуулав.
Оролцогч талуудын хуурай боомтын талаарх ойлголтыг нэгтгэж, Монголд олон улсын, хуурай боомтыг хэрхэн байгуулах, хөгжүүлэх талаар санал, бодлоо хуваалцан, оролцогч талуудын уялдаа холбоог тодорхойлох зорилгоор сургалтыг явууллаа. Мөн хуурай боомтуудын сайн туршлагыг сонсов.
Хуурай боомт дараах чиг үүрэгтэй:
• Чингэлэг ачаа боловсруулалт, хадгалалт
• Чингэлэг буулгалт, ачилт
• Бөөний ачаа боловсруулалт, хадгалалт
• Гаалийн болон бусад хилийн хяналт шалгалт, бүрдүүлэлт
• Чингэлгийн хөнгөн засвар
• Тээвэр зууч болон ачаа нэгтгэх үйлчилгээ
• Банк / даатгал / санхүүгийн үйлчилгээ
• Тээврийн захиалга / зуучлал
• Нэмүү өртгийн үйлчилгээ (жишээлбэл, сав баглаа боодол, шошго, урт хугацааны агуулах)
Хуурай боомт нь эх газрын хангамжийн сүлжээний тээвэрлэлтийн бүрэлдэхүүн хэсэг
тул энэ үйл ажиллагаанд бодитоор нөлөөлдөг. Хуурай боомт нь ачаа тээврийн хөдөлгөөнийг үр
ашигтай горимд шилжих боломжийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Далайд гарцгүй манай улс хөрш орнуудаараа дамжин олон улсын худалдаанд оролцдог. Иймд бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлдэг юм. Мөн тээвэрлэх хугацаа урт, дамжин өнгөрөх хяналт шалгалт гадаад худалдаанд ихээхэн нөлөөлдөг. Тээврийн хугацаа урт тул далайн тээврийн чингэлэг түрээс, торгуулийн төлбөрт их хэмжээний валютын алдагдал хүлээдэг байна.
Эдгээрийг шийдвэрлэх, худалдааг хөнгөвчлөхөд Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой. Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах боломжийн талаарх судалгаануудыг 2018 оноос хойш Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа үе шаттайгаар хийжээ. Тэд тодорхой үр дүнд хүрсний нэг жишээ нь өнөөдрийн сургалт юм.
Засгийн газраас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос баталсан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан олон улсын хуурай боомтыг Монголд байгуулахад эрчимтэй ажиллах чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Энэ дагуу Далайн захиргааны бүтцэд Хуурай боомтын асуудал хариуцсан нэгж байгуулсан байна.