Сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа.
Энэ оны хоёрдугаар сард нийт 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан долоон цэцэрлэг, найман сургууль ийнхүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч байна. Ингэснээр нийслэлийн цэцэрлэгүүдийн хүлээн авах хүүхдийн тоо 435, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж буй.