БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 оны 06 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монголд айлчилж буй.
Энэхүү айлчлал нь 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хийж буй өндөр хэмжээний арга хэмжээ тул БОАЖЯ, ГХЯ болон холбогдох байгууллагууд хамтран ач холбогдол өгч зохион байгуулж байна.
Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирсон ба цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөр арга хэмжээнд хамтарч ажиллахаар болжээ.
Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорнын Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам