Ирэх сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх Засгийн газар шийдвэр гарсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр нийгмийн даатгал болон халамжийн тэтгэвэр тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тэтгэврийн хоёр арга замаар нэмэгдүүлнэ. Үүнд тэтгэврийн зөрүү ойртуулах буюу тэтгэвэр тооцох цалингийн итгэлцүүрийг шинэчилнэ. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийг шинэчлэн тогтооно. Үүний дараа бүх хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Дундаж тэтгэвэр ойролцоогоор 630 мянган төгрөгт хүрнэ гэсэн тооцоололтой байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн албан хаагчийн тэтгэврийн нэмэгдлийг ирэх долоодугаар сарын 1-ний дотор шинэчилсэн тооцооллоор бодоод данс руу шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн халамжийн тэтгэмж, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ 288 мянган төгрөг байсан бол үүнийг 12.5 хувиар нэмэгдүүлж, 325 мянган төгрөг болжээ. Байнгын асаргаатай хүүхэдтэй эцэг эхэд 125 мянган төгрөг олгодог байсан бол 275 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Хүүхдийн мөнгөний тухайд нийгмийн халамжийн санд бүртгэлтэй бүх хүүхдүүдэд ижил тэгш олгоно. Данс нь бүртгэлтэй учир ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй" гэлээ.