Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ганцхан хуульд ганцхан өгүүлбэр оруулчихвал авлига багасна. Авлига өгсөн, авсан хоёр хүнийг хоёуланг нь шийтгэдэггүй баймаар байна. Авлига өсгөн хүнийг шийтгэдэггүй байх хэрэгтэй.
Сонгууль болоход ганцхан жил үлдсэн учир авлигатай тэмцээд байгаа юм шиг дүр эсгэж байна. Ер нь нэр цэвэр, ЖДҮ, Хөгжлийн Банкны хэрэгт холбогдоогүй улс төрийн албан тушаалтан цөөхөн байна. Тухайлбал над шиг. Тийм болохоор би ингэж ярьж байгаа юм.
МАН-д авлигачид дүүрэн байна. Танай намын асуудал надад хамаагүй л дээ. Гэхдээ л та нар эрх барьж байгаа" хэмээв.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хууль тогтоогчид хуулиа иргэдэд зөв тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар авлига өгсөн этгээд нь хариуцлага хүлээдэг юм шиг ойлголт төрүүлж байна. Таныг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх үед буюу 2015 оны Эрүүгийн хуульд заасан авлига өгснөө сайн дураараа илчилсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн заалт сүүлийн найман жилийн турш хүчинтэй үйлчилж байна. Өөрийнхөө баталсан заалтыг ийм заалт хуульд байхгүй гэж ярьж байгаа нь харамсалтай.
Энэ асуудлыг дэмжсэн тохиолдолд ганцхан хахууль өгсөн этгээд биш, авлигын гэмт хэрэгт нотлох баримт гаргаж өгч жинхэнэ тулыг илчилсэн, үнэтэй мэдээлэл өгч, хамтарч ажилласан хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх юм. Томоохон гэмт хэрэг үйлдсэн хүн байлаа гэхэд хэргээ хэр зэрэг илчилж байгаа, булсан нуусан мөнгөө гудаснаасаа яаж гаргаж байгаа зэрэг байдлаас нь хамаараад ял шийтгэлийн бодлого дээр нь уян хатан байх хөшүүргийг Эрүүгийн хуульд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Ганцхан муйхар аргаар өөрөөр нь хэргийг нь илчлүүлэх гээд дайраад байхаар хэргээ илчилсэн, илчлээгүй нуусан мөнгөө далдалж байгаад буцаж гарч ирээд түүгээрээ амьдарна гэсэн байдлаар авлигын гэмт хэргээс учруулсан хохирол барагддаггүй.
Хууль ухаалаг байх ёстой. Бидон төмөр шиг хатуу байж болохгүй" гэв.