Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шуурхай удирдлагын багийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн авто зам, замын байгууламж барьж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж байна.
№ | Төсөл, арга хэмжээний нэр | Урт | Гүйцэтгэгч | Ажлын явц |
1 | Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж | 2.6 км авто зам, 89.1 метр гүүр | “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК түншлэл | 7% |
2 | Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам | 0.75 км | “Их богд зам” ХХК | 55% |
3 | Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрийн барилга | 391.55 метр, 54.8 метр, 36.75 метр гүүр | “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК түншлэл | 60% |
4 | Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлт | 2х225 метр гүүр | “ЗМЗ” ХХК | 58% |
5 | Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүрх 97.3 метр төмөр бетон гүүрийн барилга | 4.27 км авто зам, 97.3 метр гүүр | “Ди Вай Кэй Би” ХХК, “Туулын гүүр далай ХХК” түншлэл | 51% |
6 | Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрийн барилга | 1.23 км авто зам, 33 метр гүүр | “Тотал инж” ХХК | 50% |
7 | Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам | 0.64 км | “МАЗ” ХХК | 87% |
8 | Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг | 1.1 км | “Тотал инж” ХХК | 3% |
Төсөл гүйцэтгэгчдэд газар чөлөөлөлт, түүнд шаардагдах санхүүжилт, трасст өртсөн шугам сүлжээ, худгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байгааг онцолж байв. Мөн гүйцэтгэж буй замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар төлөвлөн ажиллацгааж буйгаа онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Төрийн зүгээс санхүүжилт олгох, газар чөлөөлөх зэрэг хүлээсэн үүргээ гүйцэтгэн ажиллана. Мөн төслийн үйл явцад тогтмол хяналт тавих болно. Ингэснээр тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэж, шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Тиймээс төсөл гүйцэтгэгчид ажлаа удаашруулалгүй, төлөвлөсөн цагтаа багтаан дуусгах хэрэгтэй. Бидний зүгээс Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг батлахаас өмнө шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх болно хэмээлээ.