Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 42 минутад эхэлж, Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ оны зургадугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгтэй холбогдуулан тус хэсэгт иргэний нисэхийн дүрмээр зохицуулах үйл ажиллагааны агуулгыг алдагдуулахгүйгээр өөрчлөн боловсруулж үйл ажиллагаа хэлбэрээр томьёолох, түүнчлэн 12.1.2-12.1.4 дэх заалтад тусгагдсан үйл ажиллагааг өөрчлөн найруулахтай холбогдсон зарчмын зөрүүтэй хоёр санал бэлтгэжээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заасны дагуу санал хураалгахаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Агаарын зайг нисэх нисэхэд ашиглах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус бүр нэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Иргэний нисэхийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, 14.1 дэх хэсгийг хасах, төсөл дэх давхардсан зохицуулалтыг өөрчлөх саналыг бэлтгэсэн байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуух зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.