УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг эцэслэн баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин мэдээлэл өглөө.
Тэрбээр, нэгдүгээрт, 30 гаруй жилийн дараа багцаараа шинэчлэгдсэн хуулийн гол онцлог нь хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжиж буй оршино. Нийгмийн багц хуулийн дагуу Монгол Улс 2044 он гэхэд хуримтлалын тогтолцоо руу бүрэн шилжинэ. Хоёрдугаарт, инфляцтай уялдуулж тэтгэврийг жил бүр нэмнэ. Гуравдугаарт, тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг шинэчлэх, хамтын тэтгэврийн зээлийн тухай чухал заалтыг тусгасан. 20-оос дээш жил хамт амьдарсан хүний нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн нөгөө хүнд нь тэтгэврийн 20 хувийг олгохоор тусгасан гэлээ.
Түүнчлэн Нийгмийн даатгалын багц хуульд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах заалт тусгасан нь батлагдсан. Энэ тухайд УИХ-ын гишүүн П.Анужин "Малчдын тухайд нийгэмд маргаан өрнөж байна. Гэхдээ энэ 220 мянган хүний нуруун дээр бидний нүүдэлчин соёл иргэншил тогтож байна. Хэрвээ төр малчдын НДШ-д дэмжлэг үзүүлэхгүй бол эдгээр хүмүүс тэтгэвэрт гарахдаа халамжийн тэтгэвэр авна. Судалгаагаар энэ нь 13.5 их наяд төгрөг болно. Харин бид малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авбал таван жилийн хугацаанд 126 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан" гэлээ.