Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хот төлөвлөгч, инженер, архитекторууд болон энэ салбарын эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай уулзлаа.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Цаашид Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт болгон тэлэх, ухаалаг бөгөөд оновчтой шийдлүүдийг нэвтрүүлэх, одоо тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд инженер, судлаачид, архитекторуудын тооцоолол, аргачлал, санал бодол зайлшгүй шаардлагатай. Тиймээс хотын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрал, ая тухад онцгой нөлөөлөх чухал санал, санаачилга эндээс гарна гэдэгт итгэлтэй байна" гэв.
Зөвшөөрөлгүй барьсан барилгатай холбоотойгоор Монголын барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч А.Ариунболд, хууль дүрмийг чанд мөрдөх ёстойг иргэдэд ойлгуулах дорвитой алхам хийх хэрэгтэй талаар ярилаа. Ингэхдээ зөвшөөрөлгүй барилга барьсан байгууллага, хувь хүмүүсийн нэрийг олон нийтэд ил болгох санал дэвшүүлсэн юм. Мөн хот төлөвлөлтөд төр болон хувийн хэвшлийн компаниудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Зөвшөөрөлгүй баригдсан 107 барилга гэдэг маш өндөр тоо болохыг тэрбээр хэлж байсан юм.
Харин МУИС-ийн Газар зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Гантулга, Засгийн газар, хотын удирдлага олон удаа солигдож байгаа нь шийдвэр хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж буйг хэлсэн юм. Иймээс төсөв мөнгийг эртнээс төсөвлөж, хот төлөвлөлтийн ажлыг тогтвортой үргэлжлүүлэхэд менежмент чухал байгааг онцлов.
ШУТИС-ийн Архитекторын салбарын эрхлэгч, доктор Г.Цовоодаваа, "Digital Twin" буюу Улаанбаатар хотыг виртуал орчинд бүтээж, түүн дээрээ мэдээллийн сан үүсгэн хотын насжилт, шугам сүлжээний мэдээллийг хянах санал дэвшүүлэв. Мөн хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй консепцуудыг тусгаж өгөхийг онцолсон юм.
Монгол Улсын зөвлөх архитектор, Гавьяат барилгачин Л.Ганбат, хот байгуулалттай холбоотой манай улсын хууль дүрэм өөрөө маш дутмаг гэдгийг хэлсэн. Уулзалтын үеэр дурдагдаж байсан “Бүсчлэлийн дүрэм”-ийн хувьд, үүнтэй холбоотой хууль байхгүй учраас уг дүрэм хэрэгжих боломжгүй гэдэг. Тэрбээр хот төлөвлөлт, зураг төслийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстойг онцлон ярив. Мөн хотыг хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр босгож, Засгийн газар, Нийслэлээс зөвхөн менежментийг хариуцах буюу сайн инженер, хууль дүрмээр хангах ёстойг хэлсэн юм.