Найр наадмын хөг өнгөрч намрын тариа, ногоо хураалтандаа анхаарах цаг хаянд иржээ. Энэ жилийн хувьд дөрөв, тавдугаар сард сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс хожуу эхэлж, тавдугаар сарын 15-наас жигдэрсэн гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэлж байна.
Энэ жил урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийт 580.6 мянган га-д тариалалт хийсэн. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га-гаар нэмэгдсэн байна. Энэ жилийн тухайд 335 мянган га талбайгаас 500 орчим тонн улаанбуудай авахаар төлөвлөсөн байна. Тиймээс улаанбуудай болон төмсний хувьд дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангана хэмээн тооцоолсон бол бусад хүнсний ногооны 70 орчим хувийг хангана гэсэн тооцооллыг салбар яамнаас гаргаад байна гэнэ.
Гэсэн хэдий ч энэ жил хур тунадас ихтэй байгаа учраас өвчин, хортонтой тэмцэх ажлыг тариаланчид болоод салбар яамнаас эрчимтэй зохион байгуулж байгаа аж. Мөн цаг уурын нөхцөл байдал, ургамал хамгааллын арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлсний үр дүнд улаанбуудайн чанар өнгөрсөн жилийнхээс харьцангуй сайн байгаа мэдээ байна. Ургац хураалтын үед иргэд, тариаланчдын толгойны өвчин болдог асуудлын нэг нь агуулах, зоорь савны асуудал байдаг. Жил бүр агуулах, зоорийн тоо хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригддаг ч өнөөдрийг хүртэл хүрэлцээ хангамж муу хэвээр л байгаа юм. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тонн багтаамжтай элеватор, төмс, хүнсний ногоо хадгалах 253.8 мянган тонн багтаамжтай зоорь, агуулах байгаа гэсэн тооцоо гарсан байна. Төмс, хүнсний ногооны энэ зоорь, агуулах нь 2022 оны ургацын урьдчилсан бланстай харьцуулан тооцоход энэ жилийн нийт ургацын 65-70 хувийг хадгалах боломжтой. Үлдэгдэл 20-30 хувийг бөөний болон жижиглэн худалдааны төвүүдээр худалдан борлуулна гэж салбар яамнаас тооцоолж байгаа аж. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Хөдөө аж ахуйг дэмжих санд 10 гаруй мянган тонн үр тарианы нөөц байгаа учраас гаднаас ямар нэгэн байдлаар үр тариа авах шаардлага байхгүй гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлж, бүх төрлийн хүсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах зорилт тавьсан. Тус зорилтын хүрээнд Засгийн газрын 63 дугаар тогтоол гарч газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудтай хамтраад олгож байгаа юм. Энэ хүрээнд одоогийн байдлаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 1206 иргэн, аж ахуйн нэгж 27.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн Хүнсий хангамж, аюулгүй байдал хөтөлбөрийн хүрээнд орон нутагт жимс, жимсгэний мод үржүүлгийн төв байгуулах ажлууд хийж эхний ээлжинд таван аймагт энэхүү төвийг байгуулахаар зорьж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэлж байна.