ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас эхлэн орсон усархаг аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Суурин төлөөлөгчийн газраас энэхүү үүссэн хор уршгийг арилгахад, ялангуяа үерийн дараа дэгдэж болзошгүй халдварт өвчнүүдийн тархалтаас урьдчилан сэргийлэх, түр хорогдох байрны стандарт болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үерт өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага нь ОБЕГ-тай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж ирсэн ба “COVID-19” цар тахлын үед нягт холбоотой ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.