2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар манай улсад 504,034 жуулчин иржээ. Манай улсыг зорин ОХУ-аас хамгийн их жуулчин ирж байгаа бол дараа нь БНСУ орж байна.
БНСУ-аас ирсэн жуулчдын тоо 71,047 байгаа нь нийт жуулчдын 20 орчим хувийг эзэлж байгаа юм. Саяхан хүртэл Солонгосын алдартай одууд Монголд ирээд нэвтрүүлэг хийгээд буцсан. Тэдний бүтээсэн “Couriers in Mongolia” нэртэй тус нэвтрүүлгийн эхний дугаар энэ сарын 11-нд дэлгэцнээ гарах юм.
Тэгвэл Солонгос жуулчдын гадаад болон дотооддоо хамгийн ихээр зорин очдог газар болон аяллын хугацаанд дунджаар хэр хэмжээний мөнгө зарцуулдаг талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
2022 оны байдлаар Солонгосчуудын хамгийн ихээр очсон улсуудын нэгт АНУ жагсжээ. Үүний дараа Вьетнам, Филиппин, Сингапур, Япон зэрэг Зүүн, Зүүн өмнөд Азийн орнууд жагсаж байгаа нь газарзүйн хувьд ойрхон байршилтай холбоотой аж.
Солонгосоос гадаад орон руу аялах жуулчдын тоо 2003 оноос хойш нэмэгдсээр 2019 буюу ковидын цар тахлын өмнө хамгийн их хэмжээнд хүржээ. Дэлхий даяар цар тахлын дэгдэлт намжиж, улс орнууд дэглэмээ цуцалж байгаатай холбоотойгоор гадагшаа аялах жуулчдын тоо эргэн сэргэж байна.