Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлууд болон тэднийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дарга Батзориг: Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна. Долоодугаар сард болсон НИТХ-аар үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газар, мөн гамшгийн үед түр цугларах 240 гаруй байрыг батлуулсан. Цаашид хамгийн их үерт өртөж болзошгүй төвийн зургаан дүүргийн байршлуудад газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс мэдэгдлүүдийг дахин хүргүүлж эхэлсэн. НОК-ын хурлаар шийдвэр гарвал нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлнэ. Чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулан, дахин газар олгохгүй. Үерийн бүсэд буусан айлуудад бид жил бүр мэдэгдэл хүргүүлдэг. Энэ жил 2000 гаруй айлд хүргүүлсэн ч олонх нь нүүгээгүй. Цаашид бүх айлыг нүүлгэх шаардлагатай.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэд бүх дүүргийн төлөвлөгөөгөөр батлагдсан байршлуудаас газар сонгох боломж бий гэсэн юм.
Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна
21 дүгээр хорооны хувьд үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх таван га газар бэлтгэсэн. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил хийж байна.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил: Тухайн байршилд энэ жилийн төлөвлөгөөний дагуу 66 айлын газрыг төлөвлөсөн бөгөөд үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ. Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр, боломжтой байршил. Энд 100 гаруй айл суурьшсан байгаа.
Одоо замыг засаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгааныг яаралтай шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд энэ байршлыг санал болгоно. Иргэд зөвшөөрвөл энд бууж болно. Эсвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд өөр байршилд газар санал болгож болно гэв.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан: Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой машин явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 67 хүн 34 машин механизмтайгаар замыг хайргаар хучиж хүчитгэн, 2.1 км замыг сайжруулан засаж байгаа гэв.
Түүнчлэн үерийн усанд урссан замын хөвөө, явган замын зарим хэсгийг хүчитгэх, сэргээн засах ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар: Наймдугаар сарын 5-нд болсон уруйн үерийн гамшгийн үеэр 730 метр хөвөө далан, 200 метр хайс, хашлага, мөн 1.2 км явган зам үерийн усанд эвдэрсэн. Өчигдрөөс хойш компаниудаас машин механизмаар тусламж авч, замыг засаж ажиллаж байна. Өнөөдөр орой зам хэвийн болно. Түүнчлэн замын компаниудын техникээр айлуудын хашаанаас лаг хагшаасыг зөөсөн гэлээ.