Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үерийн улмаас амиа алдсан иргэдийн өмнө хариуцлага хүлээлгэж үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардсан өргөдлийг иргэн Т.Амарзаяа гаргасан билээ.
Тэгвэл uih.mn сайтад байршуулсан тус өргөдлийг өнөөдрийн байдлаар 3445 иргэн дэмжжээ.
Өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг баталгаатай хангах үүргийг Монгол Улсын төр иргэдийнхээ өмнө хүлээх үүрэгтэй билээ.
Харамсалтай нь 2023 оны 7,8-р сард болсон үерийн улмаас иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдлууд цөөнгүй гарав. Ялангуяа 2023 оны 8-р сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны нутаг дэвсгэр (Дарь-Эх)-т болсон үерийн улмаас 4 иргэн алтан амиа алдав. Иймд дараах үндэслэлээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага хүлээлгэнэ үү.
Түүнчлэн Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нар хуулиар хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй тул эдгээр албан тушаалтнуудад тохирох хариуцлага хүлээлгэхийг Монгол Улсын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувиар дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг иргэний хувиар хичээнгүйлэн хүсэж байна. Ялангуяа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хот төлөвлөлтийн асуудлаар мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг Нийслэлийн засаг даргаар сонгож, томилохыг шаардаж байна. Ийм алдаа, зөрчлийг даруй зогсоож, хариуцлага тооцох арга хэмжээг авах нь Ерөнхий сайдын үүрэг билээ.
Иргэн: Т.Амарзаяа