Зээлийн батлан даалтын сан нь нь Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо ((ACSIC)-ны 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол улсад зохион байгуулах эрхээ авч, “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдвээр 2023 оны 08 сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа, хөгжлийн банк хамтран ажиллаж байгаа юм. “ACSIC” нь Япон, Солонгос, Энэтхэг, Индонез зэрэг Ази тивийн 14 улсын 19 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж, тухайн улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн батлан даалт, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудыг сургах, туршлага солилцох, үйл ажиллагааг нь дэмжих, техникийн тулалцаа үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байгууллага юм. Тус холбоо нь жилд 2 удаа гишүүд хоорондоо мэдээлэл, мэдлэг солилцох сургалтын арга хэмжээ, мөн дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон төлөөлөгчид, гишүүдийг оролцуулсан дээд түвшний чуулганыг тус тус зохион байгуулдаг.
“ACSIC”-ийн 35 дахь удаагийн дээд түвшний чуулганы үеэр Монгол Улсын Их хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам мөн Сангийн яам зэрэг засгийн газрын төлөөлөгчид ногоон эдийн засгийн хөгжил, санхүүжилтийн талаар Ази тивд тэргүүлэгч санал санаачилга, бодлогыг танилцуулж, гишүүн орнууд болон “OECD”, Азийн хөгжлийн банк, ТОС холбоо зэрэг байгууллагууд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Энэхүү чуулган зохион байгуулагдсанаар экспорт, хөрөнгө оруулалтын гарцуудыг нэмэгдүүлэх, зээлийн батлан даалтын тогтолцооны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон боломжууд нээгдэж байна.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК