Үерийн гамшиг өртсөн газарт ажиллаж буй мэргэжлийн байгууллагын албан хаагчид гэдэсний халдварт өвчин авсан талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үер усны гамшгийн үр дагаврыг арилгахад шат шатны байгууллагын 1,000 гаруй алба хаагч дайчлагдсан. Тус албан хаагчид түр байгуулсан штаб дээр дөрвөн хоног байрлаж ажилласан. Мөн иргэд сайн дураараа ирж туслалцаа үзүүлж байгаа.
Үерийн гамшгийн дараах цэвэрлэгээ, хэвийн байдалд оруулах зам засварын ажлыг хийж гүйцэтгэж буй 16 албан хаагчаас гэдэсний халдварт өвчин илэрсэн. Тус албан хаагчид хүнд болон хөнгөн гэсэн оноштойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор оршин суугчдаас гэдэсний халдварт өвчин илрээгүй.
Мөн хувийн ариун цэврээ сахих буюу гараа тогтмол угааж хэвшсэнээр гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэдэсний халдварт өвчин нь хүнээс хүнд амьсгалын замаар халдахгүй.
Өдөрт хоёр удаа үерийн гамшигт өртсөн гудамж талбай, айл өрхүүдэд халдваргүйжүүлэлт хийж байна. Одоогоор 50 мянган метр талбайг халдваргүйжүүлсэн" хэмээн ярив.