fitness
  • 443 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-15
  • Улаанбаатарын үерийн эрсдэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгаа хийжээ.
  • Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гадаадад төгссөн монгол эрдэмтэдтэй хамтран боловсруулсан байна.
  • Улаанбаатарт голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий.

Нийслэлд найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй 20 байршил бий тул, эдгээрт ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай гэв.

Уруйн үер болдог Дарь-Эх л гэхэд найман амнаас бүрддэг. Өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байжээ. Жалгыг хогоор дүүргэж, айлууд буун, газаргүйн улмаас үерийн жижиг далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрч үер буужээ. 

Баруун салааны уулын уруу нь Дарь-Эхээс бага тул уруйн үер боллоо гэхэд машин, байшин урсгах хэмжээний хүчтэй орж ирэхгүй. Харин хамрах хүрээ 100-200 метр өргөн буюу 50 см ус бүрхэх судалгаа гарчээ. Иймд Баруун салаанд нэг секундэд 290 шоо метр үерийн ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай. Мөн хотын төвд ус тогтдог 32,140 га газар байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр хэлжээ.

Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл бий. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн судалгаагаар голоос 50 метр хүртэлх зайд буюу чөлөөлөх шаардлагатай 13,500 орчим нэгж талбар байна.

“Престиж инженеринг”, “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатарын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан.

Тэдний судалгаанд эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлж, инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсныг шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ирэх жил энэ жилээс хоёр дахин их бороо орох магадлалтай гэсэн. Иймээс эрсдэлээ урьдчилан тооцож, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй. Улаанбаатарт ус хуримтлуулах сан шаардлагатай. Үүнд хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй” гэлээ.

Дэлхийн хотуудын хувьд шалтгаанд суурилсан буюу асуудлаас урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг. Харин манайд үүссэн асуудлыг шийдэх буюу асуудлыг намжаах, гал унтраах бодлого баримталж ирсэн гэдгийг эрдэмтэд тодотгов.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн шийдвэр гаргах түшинд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсож, судалгааны үр дүнг тусгаж байх нь чухлыг онцоллоо.

Тэрбээр Улаанбаатарын халиа, түүнээс үүсэх сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хотын хэмжээнд дөрвөн байршилд 6-7 том халиа жил бүр үүсдэг. 200 орчим өрх халианд автдаг байна. Иймд нарийвчлан судлах, үүний дараа шийдлийг тодорхойлох, халиа үүсдэг газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулбал үр дүнтэй гэв. Хотын дарга дээрх саналыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Бусад мэдээ

ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвд

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнийн 04:00 цагаас эхлэн тохижилт, үйлчилгээний байг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.