Монгол-Малайзын бизнес уулзалт Куала-Лумпур хотноо өчигдөр боллоо. Уулзалтад манай улсаас гадаад худалдаа, хүнс, сав баглаа боодол, барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын 15 компанийн төлөөлөл, бизнес эрхлэгч нар МҮХАҮТ-ын удирдлага оролцлоо.
Малайзын талаас тус улсын Гадаад худалдааны хөгжлийн корпорацын орлогч дарга Пуан Шариматон Мат Саллех, Малайз улсын дунд түвшний компаниудын консорциумын ерөнхийлөгч Каллум Чен, дэд ерөнхийлөгч Мартин Анг, Малайзийн Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Кристина Тий болон 25 гаруй бизнес эрхлэгч оролцов.
Энэ оны 9 дүгээр сард манай улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд Малайз улсын Гадаад худалдааны хөгжлийн корпораци (MATRADE)-тай хамтран Монгол-Малайзын бизнес уулзалтыг ийнхүү зохион байгууллаа.
Манай улсаас Малайзын дунд түвшний компаниудын консорциумтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготойг Танхимын удирдлагууд онцолж байна.
Бизнес уулзалтаар Монголын тал Малайзын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай мах махан бүтээгдэхүүн, арьс шир, самар зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтойг илэрхийллээ. Малайзаас өндөр техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг онцолсон юм.
Бизнес уулзалтын үеэр Малайзын дунд түвшний компаниудын консорциумын дэд ерөнхийлөгч Мартин Анг “Монгол улс дахь миний туршлага”, Малайзын Гадаад худалдааны хөгжлийн корпорацын Зүүн хойд Азийн худалдааг хариуцсан захирал Наим Абдул Рахман “Малайз-Таны худалдааны түнш”, МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс дахь бизнесийн боломжууд” сэдвээр тус тус танилцуулав.
Уулзалтын дараа хоёр орны төлөөлөгчид Малайзын Гадаад худалдааны хөгжлийн корпорацын төв оффист байрлах Малайз улсын экспортын үзэсгэлэн (MEEC)-гээр зочлов. Энэхүү үзэсгэлэн нь нийт 4500 гаруй метр ам дөрвөлжин талбайд Малайзын 500 гаруй аж ахуй нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтэн жилийн турш танилцуулдаг онцлогтой аж. Гадаадын бизнес эрхлэгчид энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхон МATRADE-аар дамжуулан Малайзын түншээ олох, шууд холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг байна.