Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41-р хороонд сургуулийн насны 3000 орчим хүүхэд байна. Үүнээс гурван хүүхэд тутмын нэг нь нэн хүнд нөхцөлд амьдардаг. Тиймээс Улаанчулуут болон ойр орчмын тусламж дэмжлэг шаардлагатай 1000 хүүхэд багачуудад хичээлийн цүнх, хэрэглэгдэхүүний тусламж үзүүлэх хэрэгцээ байна. Иймд “Вэлүү сан”-аас “Гарнаас зүрхэнд” аяныг эхлүүлжээ.
Энэхүү хуучин цүнх цуглуулах аян нь нэн ядуу, тусламж, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд хичээлийн хэрэгслээр туслахын зэрэгцээ хуванцар хог хаягдлыг бууруулах, байгаль орчны асуудалд чиглэсэн тогтвортой санаачилга юм.
Сурагчийн цүнх хийхэд полиэфир хэрэглэдэг бөгөөд энэ нь нийлэг материал тул байгальд задрахад 500 гаруй жил шаардагддаг байна. Харин хуучирсан цүнхийг цуглуулж, дахин ашигласнаар хогийн цэгийн ачааллыг бууруулах, экологийн ул мөрийг багасгах ач холбогдолтой юм. Аян наймдугаар сарын 3-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Хайрцгуудын байршил:
Вэлүү Сан нь 2007 онд хөгжиж буй орны өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготойгоор Канад улсад үүсгэн байгуулагдсан ба Малайз, Энэтхэг зэрэг орнуудад боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж зохион байгуулсаар ирсэн.
Улмаар Монголд 2011 оноос эхлэн нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдийг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад хэрэгжүүлсэн ба хамгийн гол төсөл болох “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгээ 2013 оны 9-р сард байгуулснаас хойш тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна.
Анх цэцэрлэг нь хогийн цэг түшин амьдардаг, нэн ядуу бүлгийн 30 хүүхэдтэйгээр эхэлж байсан бол одоо “Нарны Хүүхдүүд” 1 ба 2 дугаар цэцэрлэгээрээ дамжуулан 300 гаруй хүүхдийг хооллож ундлах байртай, сурган хүмүүжүүлэх ажилтан багш нартай болсны зэрэгцээ тэтгэлэгт хөтөлбөр, олон нийтийн номын сан, хүүхдийн зуслан болон орон нутгийн иргэдийг чадавхжуулан ажлын байраар хангах зорилготой оёдлын цех зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байна.
Энэ жил “Нарны Хүүхдүүд” 1 дүгээр цэцэрлэгийнхээ барилгыг эрчим хүчний хэмнэлттэй барилга болгон шинэчлэн барьж, илүү олон хүүхдэд боловсрол олгохын зэрэгцээ цаашид орон нутагт англи хэлний сургууль байгуулах зорилго тавин ажиллаж байна.