Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний хуралдаанаар дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталсан. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн 70 гаруй хувийг ХААИС бэлтгэдэг бөгөөд энэ хичээлийн жилд тэргүүлэх чиглэл бүхий 45 мэргэжлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн багш, судлаач, оюутан залууст амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад, баялаг бүтээгчид, ХААИС, харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн багш, судлаач, ирээдүйн боловсон хүчнүүдийн үүрэг, оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал" гэдгийг тэмдэглэв.
Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан, амьдралд бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллах шийдвэр гаргасныг хэлэв.
Цаашид шилдэг боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог шинэчлэн сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйтэй хослуулах, малын эрүүл мэндийг хамгаалах, залуу малчдыг бэлтгэх зэрэгт анхаарах учиртайг онцлов.