Монголын банкны холбооноос 2023 оны эхний хагас жилийн тоймыг танилцууллаа. Энэ онд банкуудын иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдэж, бизнесийн зээл олголт сэргэсэн байна. Мөн банкуудын чанаргүй зээл олголт аажмаар буурч байгаа аж.
2023 оны хоёрдугаар улиралд иргэдэд шинээр олгосон зээлийн хэмжээ 27 хувиар нэмэгджээ. Банкууд иргэдэд шинээр зээл олгохдоо хэрэглээний зээлийг түлхүү олгосон байна. Харин уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгдэв.
Зээлийн багцын чанар аажмаар сайжирч байгаа нь өрхийн худалдан авах чадвар нэмэгдэж буйтай холбоотой гэв. Мөн эдийн засгийн салбаруудын сэргэлт бизнесийн зээлийн чанар сайжрахад нөлөө үзүүлжээ.
Энэ оны эхний хагаст төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 40 хувиар нэмэгдсэн. Энэ нь хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсэнтэй холбоотой байна. Гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэлтэй валют хадгалах, нөөцлөх сонирхол иргэдэд байгаа буюу иргэд хөрвөх чадвартай мөнгийг илүүд үзэж байна.
Хүүгийн түвшин тогтвортой байгаа ч хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх төлөвтэй байна. Бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүү аажмаар нэмэгдэх шалтгаан болж байгаа аж. Энэ оны эхний хагаст:
Валютын нөөц өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өсжээ. Импортын 4-5 сарын хэрэглээг хангах валютын нөөцтэй байна.