УИХ-ын намрын чуулган эхлэхэд хорь хоног үлдэв. Намрын чуулганаар хэлэлцэн батлах хуулийн төслийн жагсаалтыг УИХ хаврын чуулганыг хаахын өмнө баталсан юм. Энэ жагсаалтад Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулаагүй нь сайшаалтай.
Засгийн газраас 2022 оны тавдугаар сард энэ хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьснаас хойш шүүмжлэлтэй тулгарсан. Гэвч 2024 оны сонгууль хаяанд ирсэн өнөө үед хуулийн төслийг яаралтай горимоор гэх мэт элдэв шалтаг заан, хэлэлцэж болзошгүй.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭВ?
ХЗДХЯ-наас өргөн барьсан хуульд доромжлох зүйл заалтыг нэмжээ. Ингэснээр хэн нэгнийг доромжилсон сэтгүүлч, олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл оруулсан иргэд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хуулийн төсөлд
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл тараах гэмт хэргийг зохицуулдаг. Энэ заалтын дагуу олон сэтгүүлч хуулийн байгууллaгуудад дуудагддаг юм. Гэтэл доромжлох заалтыг нэмэх нь иргэдэд олон талын мэдээллийг, өөр өөр өнцгөөс мэдээлэх үүрэгтэй сэтгүүл зүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг Глоб интернэйшнл ТББ болон салбарын мэргэжилтнүүд анхааруулсан юм.
Доромжлох нь ёс суртахууны асуудал, энэ хэргээр бүх хүнийг шийтгээд байвал хүн бүр эрүүгийн хэрэгтэй болох нөлөөтэй.
Монгол Улс нэгдэн орсон гэрээ конвенцууд, олон улсын байгууллагуудын өмнө үүрэг хүлээдэг. Гэвч НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2015 онд өгсөн хоёр зөвлөмжийг Засгийн газар одоог хүртэл биелүүлээгүй байна.
Тодруулбал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг хэлэлцээд 150 зөвлөмж өгчээ. Манай улс эдгээрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн, Засгийн газрын 2016 оны тогтоолоор үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан байна. Энэ төлөвлөгөөнд гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцохоо болих асуудлыг судална гэж тусгажээ. Ингээд 2015 онд баталж, 2017 оноос мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох үйлдлийг хассан байна. Гэвч гүтгэх заалтыг Зөрчлийн хуульд дахин нэмсэн.
Мөн НҮБ манай улсад өгсөн зөвлөмждөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй эрүүгийн хуулийг халах тухай онцолжээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн төсөлд хорих ял байхгүй ч хэргийг шалгах явцад хэн нэгнийг хорих эрсдэлтэйг ч хуульчид анхааруулсан. Глоб интернэйшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн “Бага, өсвөр насны хүүхдүүд сургууль орчмын бүсэд бие биеэ зохисгүй үгээр хэлдэг. Гахай гэдэг чинь л доромжлох гэмт хэрэгтээ орно. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн дор доромжлолыг Эрүүгийн хуульд оруулж болохгүй. Энэ бол тусдаа ойлголт. Доромжлох нь ёс суртахууны асуудал, энэ хэргээр бүх хүнийг шийтгээд байвал хүн бүр эрүүгийн хэрэгтэй болох нөлөөтэй” гэлээ.
Хүний нэр төр, алдар хүндэд халдвал тухайн хохирсон гэх этгээд нэхэмжлэл гаргаж нөхөн төлбөр гаргуулах боломжтой. Иргэний хуулиар энэ төрлийн маргааныг шийдвэл талууд тэгш эрхтэй оролцогч буюу өөрсдөө асуудлаа нотлох үүрэгтэй. Харин Эрүүгийн хуулиар шийдүүлбэл хөндлөнгийн мөрдөгч, прокурор оролцдог байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тууштай хамгаалдаг хуульч, судлаачид доромжлох үйлдлийг эрүүжүүлэх нь буруу, энэ зөрчлийг Иргэний хуулиар шийдэх боломжтой гэсэн хатуу байр суурьтай байна. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн нь үр дүнгээ өгч, ямартаа ч хэл ам таталсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ.