Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр намрын мод тарилт есдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд гэр хороололд мод тарихад анхаарч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ярилаа.
Мөн тэрбээр өвөлжилтийн бэлтгэл болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.
-Есдүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг өгнө. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний засвар 92, хэсэгчилсэн дулаан хангамжийн засварын ажил 96 хувьтай байгаа. Аравдугаар сарын 1-н гэхэд засварын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цэвэрлэгээ, үйлчилгээ болон газар шорооны чиглэлээр эхний ээлжид 80 гаруй машин тоног төхөөрөмж авахаар байгаа. Мөн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагаас судалгаа авсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт 120 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд мод үржүүлгийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 15 аж ахуйн нэгжид хариуцуулан гэрээлж ажиллаж байгаа. Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд өөрсдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй. Энэ онд хүлэмж барих ажлыг эхлүүлээд байна. Намрын мод тарилт есдүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд гэр хороололд мод тарихад анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл хийгээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үер усны эрсдэл ирэх жилүүдэд бий болох магадлалтай тул бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэйг онцолж байв.