Хайрга, дайрга, элс тээвэрлэж байгаа ачааны автомашинуудын шаардлага хангах бүтээлэг, ачих хэсгийн битүүмжлэл байхгүйгээс зам дээр шороо асгарч зам талбайн үйлчилгээний ажилд хүндрэл үүсгэж, улмаар тоосжилтыг нэмэгдүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Тухайлбал хайрга, дайрга ачсан ачааны машинуудын битүүмжлэл алдагдсанаас Био комбинат, Шувуун фабрик, Сонсголонгийн орчмын 30 км замыг гурван хэсэг болгон техник оролцуулан цэвэрлэдэг бөгөөд нэг хэсгээс нь зургаан тонн буюу нэг удаагийн цэвэрлэгээгээр нийтдээ 18 орчим тонн шороо гардаг байна.
Иймд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд байрших элс, хайрганы карьер, асфальт бетон болон цемент бетон үйлдвэрүүд Сонсголон, Эмээлт, Био комбинат, Шувуун фабрик, Өлзийт, Баянзүрхийн товчооны зам болон бусад замд шалгалт хийж эхэлжээ.
Ингэснээр нийтийн эзэмшлийн гол болон туслах гудамж замд хайрга, дайрга, элс, асфальт бетон, цемент бетоныг замын зорчих хэсэгт асгаж бохирдуулахгүй байх, даац хэтрүүлж зам эвдүүлэхгүй байх үүднээс ачааны тээврийн хэрэгслийн бүтээлэг, битүүмжлэлийг шалгаж заавар зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах аж.
Хяналт шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар, Дүүргүүдийн Тамгын газрын холбогдох хэлтсүүд хамтран энэ сарын 21-ний өдөр хүртэл хийх юм байна. Шаардлагатай бол шалгалтын хугацааг сунгахыг Хотын ерөнхий менежер М.Баяраа хэллээ.
Тэрбээр "Бие биеийнхээ хөдөлмөрийг хүндэлдэг байя. Нэг нь цэвэрлэж байхад нөгөө нь асгадаг байж болохгүй" хэмээн уриаллаа.