Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Дорноговь аймагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд үүсээд байсан гацааг арилгах шийдвэрүүдийг Ерөнхий сайд тус аймагт ажиллахдаа гаргажээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газар дээр нь гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулсан байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт болох 1 тэрбум ам.долларын зээл олгохоор Энэтхэг улсын засгийн газар амласан. 2019 оны 12-р сарын 20-ны өдөр 1.2 тэрбум долларын зээлийг ТЭЗҮ-ийнх дагуу УИХ-аар соёрхон баталсан.
Гэвч зээл батлагдмагц ковидын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан.Ингээд 2023 оны нэгдүгээр сарын байдлаар өнөөх 1.2 тэрбум ам.доллараас дөнгөж 112 сая долларыг л авч хэрэглэсэн. Гэтэл гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бид аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 2023 оны нэгдүгээр улиралд 64.5 сая ам.долларын зээл төлөх цаг хугацаа болсон байсан.
EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын ажил EPC-1-ээс шалтгаалан бусад санхүүжилт нь хийгдэх боломжгүй байдалд хүрсэн.
Ингээд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан яамдын төлөөлөл орсон баг ажиллацгаасан. Манай яам Энэтхэг улсын банктай таван сарын хугацаанд хэлэлцээ хийсэн. Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ бидэнтэй маш сайн хамтарч ажилласны үр дүнд гэрээний өөрчлөлтийг амжилттай хийсэн. Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн банкны удирдлагууд ирж, бид гэрээнд өөрчлөлт оруулж, үзэглэсэн.
EPC-1, 2, 3, 4 багц бүтээн байгуулалтын гэрээг тус тусад нь салгаж хийсэн. Багцууд аль нэгнээс хамааралгүйгээр бүтээн байгуулалтаа хийж, санхүүжилтээ аваад явах боломжтой болсон. Ингэснээр тус төслийн үйл ажиллагаа саадгүй үргэлжлэх боломж бүрдлээ.
Үнийн өсөлтөөс шалтгаалан EPC-4 багц нэмэлт санхүүжилт шаардагдах нь тодорхой болж байна. Тиймээс УУХҮЯ-ны Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр асуудлыг оруулж баталгажуулсны дараа УИХ-аар соёрхон батлуулсны дараа санхүүжилтийн зөрүүг шийдвэрлэх эрхзүйн орчин бүрдэнэ. Ингэснээр 2026 оноос үйлдвэрийн эхний байгууламжууд ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байна гэлээ.