Явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсөн осол өчигдөр 12:41 цагт Сонгинохайрхан дүүрэгт гарсан.
Ослын улмаас гэмтсэн охины биеийн байдлын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-өөс мэдээлэл авахад "Тухайн хүүхэд ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Баруун хөлний шагайн хавчаар яс хугаралттай гэсэн оноштойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Манай төвөөс шаардлагатай нарийн шинжилгээ оношилгоог хийж байна. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа" хэмээв.
Харин энэхүү ослыг үйлдсэн жолоочийн талаар Тээврийн Цагдаагийн Газраас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн газарт жолоочийг драгер үлээлгэж шалгахад согтолтын зэрэг тогтоогдоогүй" гэлээ.
Тухайн жолоочийг хурд хэтрүүлэн явж байсан гэх мэдээлэл гарсаар байгаа ч энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох тул дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй юм байна.
Ослын улмаас нэг охин харамсалтайгаар амиа алдсан.