Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлэх ажлын талаар “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ хавтгайрч, нэмэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэнд, эдийн засагт асар их хор холбогдол учруулж байгаа.
Иймд судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч 43 тоот зарлиг гаргасан. Үүний дагуу 2022 оны долдугаар сараас томоохон хуулиудад өөрчлөлт орж, энэ оноос хуулийн хэрэгжилт эхэлсэн. Монголын хүн амын 1.2-1.4 саяыг хүүхэд, залуус эзэлж байна. Хүүхэд, залууст зөв, оновчтой эрүүл мэндийн боловсрол олгоё, эрүүл мэндийг нь хянадаг байя гэдэг үүднээс Боловсролын тухай хуульд долдугаар сард томоохон өөрчлөлт орж, энэ чиглэлд тодорхой ажлууд хийгдэж буй.
Ялангуяа 18-40 хүртэлх насныхны дунд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ их байна. Архидан согтуурснаас үүдэлтэй хэрэг зөрчлүүдийн ихэнхийг нь залуус үйлдэж буй. Иймээс тэдэн рүү чиглэсэн “Намайг алгас”, “Та татгалз” аяныг зохион байгуулж байна.
Архи, согтууруулах ундаанаас татгалзах чиглэлээр аравдугаар сарын 13-нд оюутнуудад чиглэсэн томоохон фестивалийг үндэсний хэмжээнд зохион байгуулах гэж байна.
Архины зохисгүй хэрэглээг жилийн дөрвөн улирлаар нь авч үзвэл ес, аравдугаар сард оюутнуудын архи, согтууруулах ундааны хэрэглээ, хөл хөдөлгөөнтэй үе таардаг учраас тэдэн рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийнэ.
Дараа нь шинэ жилтэй холбоотой архидалт нэмэгддэг" гэлээ.
Мөн "Хүн амын зургаан хувь нь архинд донтсон гэх судалгаа байдаг. Донтолт гэдэг бол өөрөө өвчин юм. Энэ бүхэнд соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил хийхэд зардлын асуудал гардаг. Ийм учраас Засгийн газрын тусгай санд архины татвартай холбоотой нэмэлт татвар, борлуулалт болгоноос 150-300 төгрөгийг энэ төрлийн ажилд зарцуулахаар мөнгө хуримтлагдаж буй.
Одоо хэрэгжиж байгаа нэг жишээг хэлэхэд 21 аймаг, есөн дүүргээс архинд донтсон 30, 30 хүнийг цуглуулж, тэднийг архинаас гаргах нийгэмшүүлэх эмчилгээг хийж байна.
Архинд донтох эмгэгийн эмчилгээний хүртээмж, эрүүл мэндийн байгууллагын хомсдол байгаа учраас нэлээд ажлыг төлөвлөж байгаа.
Түүнчлэн үйлдвэрлэгч, худалдаалагч, үйлчилгээ үзүүлж буй газрууд руу нөлөөллийн ажил хийнэ.
Архины татварыг 10 хувиар нэмэхэд хүн амын дунд байгаа хортой хэрэглээ 5-7 хувиар буурдаг гэж үздэг. Одоогийн байдлаар манайд архины борлуулалтаар тооцоход 12.5 хувиар багассан. Гэмт хэрэг тодорхой хувиар буурсан. Цаашдаа энэ ажлыг судалгаанд суурилж, тогтмол зохион байгуулах хэрэгтэй байна" хэмээн “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн мэдээлэл өгөв.