Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Ерөнхийлөгч 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тус улсад айлчлах бөгөөд айлчлалаар Ерөнхийлөгч Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзах юм. Мөн Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхана.
Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ. Мөн Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцоно гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.