Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулжээ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ "Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын "Бүс ба зам санаачилга" олон улсын хуралдаанд оролцохдоо хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг байгуулахаар хоёр талаас тохироод байна. БНХАУ-ын бүх төрийн байгууллагын холбогдох шийдвэр гарсан. Монголын талаас төслийн бэлтгэл ажил хийгдэж дууссан" гэлээ.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгасан байна. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.
Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тонн, мидлингийн нөөц 175,006 тонн, барьцалдуулагчийн нөөц 730 тонн, шуудайн нөөц 383.1 сая ширхэг байна.
2023 оны есдүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана.
2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1,567 МВт хүрэх таацтай байна. Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ.
Улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өсжээ.