Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх иргэн Т.Мөнхбаяраас “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд ирүүлсэн байна.
Уг хүсэлтээр “... АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх”-ийг хүсжээ. Мөн хүсэлттэй холбогдуулан Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар тус тус хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг тус тус ирүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.