Улсын хэмжээнд орон гэргүй байгаа 1,000 гаруй иргэний нөхцөл байдлын талаар Нийгмийн хамгааллын тусгай төв болон бусад холбогдох салбарынхан өнөөдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Орон гэргүй зорилтот үйлчлүүлэгч иргэдийн 90 хувь нь архины хамааралтай байдаг. Нийт үйлчлүүлэгчийн
Гэр бүл салалт, хайртай дотны хүнээ алдах, сэтгэл зүйн хямралд орох, бизнес нь дампуурах зэрэг амьдралын хэцүү мөчийг даван туулах арга зам нь архи гэж хардаг. Архи нь сэтгэлийн хямралыг тайвшруулж, мартагнуулж байгаа юм шиг хуурамч мэдрэмж төрүүлж эцэстээ энэ нь донтох эмгэг болдог.
Нийгмийн хамгааллын тусгай төвд ирж, үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь архинд донтох эмгэгтэй. Цөөн тохиолдолд амьдралдаа огт ажил хийж үзээгүй эсвэл хорих ангиас суллагдсан хүмүүс байдаг гэдгийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан, нийгмийн шинжлэх ухааны магистр Э.Пүрэвсүрэн хэлсэн юм.
"Орон гэргүй иргэдэд хүргэж буй үйлчилгээ, хэтийн төлөв"-ийн талаар түүнтэй үргэлжлүүлэн ярилцсанаа хүргэж байна.
-Улс эсвэл нийслэлийн хэмжээнд орон гэргүй хэчнээн иргэн бүртгэлтэй байдаг вэ. Орон гэргүй иргэдийн 90 гаруй хувь нь архинд донтох эмгэгтэй болсон байдаг гэсэн үү?
-Нийгмийн хамгааллын тусгай төв 20 жилийн хугацаанд орон гэргүй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нөгөө талдаа орон гэргүй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр буй. Тиймээс ч шинээр нэмэгдэж байгаа иргэдийг яах вэ? гэх асуултад хариулт эрэлхийлж, урьдчилан сэргийлэх ажил руу онцгой анхаарах шаардлагатай байна.
Орон гэргүй иргэдийн талаарх бодитой, нарийн статистик мэдээлэл ховор бий. Манай төвийн дотоод программд 1,000 гаруй орон гэргүй иргэн бүртгэлтэй байна.
Жилд 150 орчим иргэн гэр оронгүй болж, Нийгмийн хамгааллын тусгай төвийн программ дээр бүртгэгддэг. Иймд орон гэргүй болсон хүмүүст хүргэх үйлчилгээг илүү сайжруулах хэрэгцээ байна. Хоёрдугаарт хүнд нөхцөлд орохоос нь өмнө нь урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй байгаа юм.
Манай төв жилдээ 500-600 иргэнийг байрлуулж, үйлчилгээ үзүүлдэг. НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн газар, Цагдаагийн удирдах газартай хамтарч ажилладаг. Цагдаагийн байгууллагаар дамжуулан хүргэгдэж ирдэг хүмүүс олон. Гэхдээ цөөн хэсэг нь өөрсдөө сайн дураар манай төвийг зорьж ирдэг.
-Нэгдсэн мэдээллээс харвал хэдээс хэдэн насныхан илүү их хувийг эзэлж байна вэ?
-Харамсалтай нь ид хийж бүтээх, хөдөлмөрийн насныхан олон байдаг. Ойролцоогоор 35-50 насныхан ихэнх хувийг эзэлдэг гэсэн үг. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал нь амьдралын суурь шалтгаануудтай холбоотой.
Тухайлбал гэр бүл салалт, сэтгэл зүйн хямрал, аваар осолд орж гэмтэх зэрэг янз янзын шалтгаанаас үүдэн архинд донтож байна.
Амьдралынхаа итгэл үнэмшлийг алдчихсан, сэтгэл зүйн гүн хямралд орсон хүмүүс ирдэг. Гэр бүлээсээ салах эсвэл хайртай дотны хүмүүсээ алдсан, аваар осолд ороод амьдрах хүсэлгүй болчихлоо гээд манай төвд ирдэг.
Мөн цөөн хэдэн тохиолдолд огт ажил хийж үзээгүй, орлого олох чадваргүй хүмүүс байна. Түүнчлэн хорих ангиас суллагдсан хүмүүс ч бас ирдэг. Ойр тойрны хүмүүстэйгээ харилцаа холбоогүй болчихсон гээд яах аргагүй манай төвд ханддаг.
Ерөнхийдөө үйлчлүүлэгч иргэдийн 90-ээс дээш хувь нь архины хамааралтай. Дээр дурдсанчлан амьдралд тохиолдох олон янзын шалтгаанаас болж архинд донтож, энэ нь цаашаа өвчин болж байна л даа. Улмаар удаан хугацаанд энэ нөхцөл байдал нь үргэлжлэхээр орон гэргүй болж, хүнд нөхцөлд ордог.
Тиймээс ч өнөөдөр амьдрал нь бүрэн бүтэн явж байгаа, амьдралаа дөнгөж эхлүүлж буй залуу гэр бүл, хосууд болон нийгмийн масс руу чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, гэр бүлээ тэнцвэртэй авч явах зөвлөгөө зөвлөмж чухал.
-Архинд донтох эмгэгтэй, орон гэргүй хүмүүст нийгмийн халамж үзүүлж, эмчиллээ гэхэд буцаад хэвийн амьдралдаа шилжих боломж, бололцоо ямар түвшинд байдаг вэ?
-Олон улсын судалгаагаар архины өндөр хамааралд орсон, орон гэргүй болсон, нийгмийн хамгийн эмзэг бүлэгт очсон хүмүүстэй ажиллахад үр дүн маш бага байдаг. Бараг 100-ны тав орчим хувь нь л эргэж бие даасан амьдралдаа шилждэг гэх олон улсын судалгаа бий. Манай төв жилдээ 30-50 орчим хүнийг нийгэмшүүлж байна.
Эрдэмтэн, судлаачид, их сургуулийн багш нар гэр оронгүй болж, архины өндөр хамааралд орохоос нь өмнө тэдгээр хүмүүстэй ажиллах хэрэгтэй гэдгийг онцолдог. Тэгэхээр залуусыг архинд донтохоос нь өмнө, эхэн үед нь сэргийлэх нь чухал.
Архины хамаарлын дөрөвдүгээр түвшин гэж байдаг. Хэрэв дөрөвдүгээр түвшинд оччихвол эргээд хэвийн ажил амьдралдаа шилжихэд тун хэцүү. Өөрөөр хэлбэл магадлал маш бага, боломжгүй болж байгаа. Тэгэхээр залуусын дунд нөлөөллийн ажлыг сайн хийх хэрэгтэй.
-Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилчид 20 жилийн хугацаанд архинд донтох эмгэгтэй, гэр оронгүй хүмүүстэй ажиллахад эргээд хэвийн амьдралдаа шилжих эерэг үр дүн хэр их гардаг вэ. Бодит үр дүнгээр хэчнээн хүний амьдралыг өөрчилж, хэвийн амьдрал руу нь оруулж чадсан бэ?
-Сүүлийн найман жилийн хугацаанд 3,000 гаруй иргэнийг байрлуулж, хамгаалах үйлчилгээнд хамруулсан. Мөн 1,000 иргэнийг ажлын байранд зуучилж, 600 гаруй иргэнийг бичиг баримтжуулсан.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд 250 гаруй иргэнийг бие даасан амьдралд шилжүүлсэн. Өөрийн гэсэн гэр оронтой, байр машинтай, ажил хөдөлмөртэй, гэр бүл болоод явж буй хүмүүс ч бий. Бүх чадлаараа ажиллаад жилд 7-8 хувийг нь л хэвийн амьдрал руу оруулж байна. Мэдээж маш хэцүү. Нөгөө талдаа үүнээс хоёр, гурав дахин илүү олон иргэн гэр оронгүй болж бүртгэгдэж байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх чиглэлд хүчтэй анхаарч эхлэхгүй бол болохгүй нь ээ.
Жишээ нь ОХУ-ыг судалж үзэхээр оюутан, суралцагчдынхаа дунд маш их сургалт зохион байгуулдаг болжээ. Сайн боловсон хүчин болж гарахад нь зөвлөхийн зэрэгцээ эрсдэлт нөхцөл рүү татагдаж орохгүй байх, өөрийнхөө сэтгэл зүйг зөв авч явах чадвартай байх, архи, согтууруулах ундаанд донтохгүй байх сэтгэл зүйн дархлааг нь дэмжих сургалтууд маш их ордог гэсэн үг. Ингэснээр сүүлийн жилүүдэд ОХУ-ын архины асуудал эрс буурсан гэх мэдээлэл бий.
Үүнийг дүгнээд хэлбэл хүүхэд, залуусын боловсролын асуудал руу, согтууруулах ундааны хэрэглээ, бусад нийгмийн эрсдэлт хүчин зүйлс рүү татагдан орохгүй байх талаас нь сургалт орох чиглэлд зөвлөмж мэдээлэл өгдөг, түгээдэг, хамтын ажиллагааг өрнүүлдэг байх нь чухал.
-Архины хамаарлын дөрөвдүгээр түвшинд шилжсэн хүмүүс энгийн амьдрал руугаа буцаж ороход илүү хэцүү байдаг гэж та дээр дурдсан. Эдгээр хүмүүстэй тулж ажиллахад хэдий хэр хугацаанд хэвийн нөхцөлд шилжиж байна вэ. Мэдээж богино хугацаанд хийх ажил биш болов уу?
-Олон улсын судалгаагаар хамгийн багадаа зургаан сарын хугацаанд вакумжуулсан цогц хөтөлбөрт хамруулснаар эхний үр дүн харагдаж эхэлнэ гэж үздэг.
Хамгийн багадаа зургаан сараас хоёр жил орчим хугацаанд тухайн хүнтэй ажиллана. Зарим тохиолдолд дөрөв, таван жил ажиллаж байж үр дүн харагдаж эхлэх тохиолдол байна.
Орон гэргүй болсон, архины өндөр хамааралд орчихсон, сэтгэл зүйн хүнд хямралтай болсны дараа тэр хүнтэй ажиллахад маш хүнд, эмчлэхэд урт хугацаа ордог. Харин дөнгөж архины хамаарлын эхэн үедээ буюу нэг, хоёрдугаар түвшиндээ байгаа бол нийгмийн масс, олонх давхаргад чиглэсэн ажил хийвэл үр дүн хамаагүй илүү гарна.
Манай төвд ирж байгаа хүмүүсийн маш бага хувь нь хөнгөн хэлбэрт байхдаа ирдэг. Өөрөөр хэлбэл архинд ороод удаагүй, амьдрал нь бүр дордоогүй, ажил хийх боломж бололцоотой хүмүүс бага ирж байна л даа. Улмаар 1-2 сарын дотор эмчлэгдээд гарч буй хүмүүс байна.
Тэгэхээр ямар нэгэн зүйл хүнд шатандаа шилжихээр их хугацаа шаарддаг, боломж маш тааруу болчхож байгаа юм. Иймд урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь хамгийн зөв алхам, арга зам мөн. Нийгэм рүүгээ чиглэж ажиллана гэсэн үг.
Нийслэлийн бүх байгууллага, төр захиргааны түвшинд, их сургуулиуд, төрийн бус байгууллага, сэтгэл зүй дээр суурилж ажиллах шаардлагатай. Сурагч, оюутан байхаас нь эхлээд ажлын байран дээр гарах хүртэл зөв хүн болгох хэрэгтэй байна.
25 наснаас өмнөх хүний амьдралын хөгжлийн түвшин бол хамгийн чухал. Энэ үе дээрээ архины хор уршгийг мэдчихсэн, амьдралын асуудал, бэрхшээлтэй тулгарвал яаж даван туулахыг мэдсэн, сурсан болох нь хамгийн чухал.