Ирэх оны төсвийн төсөлд тэтгэврийн нөөц санг 389 тэрбум төгрөгөөр мөнгөжүүлэхээр тусгажээ. Энэ санд сар бүр цалингаасаа 11.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн шимтгэлийн тодорхой хувийг төвлөрөх учиртай.
Гэвч одоо шимтгэл төлж буй иргэдийн хуримтлалыг тэтгэвэрт зарцуулдаг тул дээрх сан хоосон шахуу. Цаасан дээр олон тэрбум төгрөгийн орлоготой бодит данс нь үлдэгдэлгүй явсаар ирсэн.
389 тэрбум төгрөг нь дээрх санд төвлөрсөн байх ёстой нийт дүнгийн ердөө хоёр хувьтай тэнцэнэ.
Хэдий тэтгэврийн санг мөнгөжүүлэх нь сайн мэдээ боловч энэ эх үүсвэрийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл хаана байрлуулж, хэрхэн хадгалах вэ гэсэн асуулт үүснэ. Учир нь үе үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлүүд буруу шийдвэр гаргаж, шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэх мэт төлбөрийн чадвар муудсан банкуудад хадгалуулж алдсан түүх бий.
Ташрамд дурдахад Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг 2016 онд баталсан. Гэвч энэ хуулийг 2020 онд хүчингүй болгосон тул өнөөг хүртэл тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлээгүй байна.
Орлого, зарлагын зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсээр байна.