Алдарт жүжигчин Анжелина Жоли Нэгдсэн Үндэстний байгууллагын дүрвэгсдийн тусгай элчийн ажлаа өгөхөөр болсныг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас мэдээлжээ. Тэрээр цаашид хүмүүнлэгийн болон хүний эрхийн чиглэлд бүр өргөн хүрээнд ажиллахаар болсон гэв.
Анжелина Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагатай 20 гаруй жил хамтарч ажилласан бөгөөд 2012 онд тусгай элчээр томилогдсон байна. Тэрээр өдгөө ажиллах арга барилаа өөрчлөн, дүрвэгсэд болон орон нутгийн байгууллагуудтай шууд хамтран ажиллахаар төлөвлөж байна гэжээ.
Жоли баасан гарагт "Би НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагын шилдэг ажилтнууд болон хүний амь аврах үйлсэд гар бие зүтгэн яваа олон хүнтэй хамтран ажиллалаа. Тусгай элчээр ажиллах завшаан, боломж олгосонд талархаж байна" гэж мэдэгдсэн байна.
НҮБ-аас "Сүүлийн 21 жилийн хугацаанд хатагтай Жоли уйгагүй хөдөлмөрлөж, зовлон зүдгүүр, итгэл найдвар, тэсвэр хатуужлын түүхийг гэрчлэх 60 гаруй даалгавар гүйцэтгэсэн" хэмээн мэдэгджээ. Тус байгууллагаас түүний хамгийн сүүлд Йемен болон Буркина Фасо улсуудад ажиллан, дүрвэгсэдтэй уулзсан уулзалтыг онцлон тэмдэглэсэн байна. "Жоли олон улсын илүү тэгш, шударга, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллах болно" гэж тус мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалж: CNN