Угсармал орон сууцыг дулаалж шинэчлэх төсөл хэрэгжиж байна. Орон сууцаа дулаалснаар байрны насжилт 30 жилээр нэмэгдэнэ, үнэ цэн өснө, тав тухтай амьдрах орчин бий болно.
Хүн эрүүл энх, амар тайван амьдрах хамгийн анхдагч хэрэгцээ бол орон гэр юм. Монголчууд 1930-аад оноос нийтийн орон сууцтай анх танилцжээ. Улмаар 1960-1980 онд угсармал бетон бүтэцтэй, хавтгайлжин бүтээц хийцтэй барилгын үе ирэв. Хамгийн отгон угсармал сууцууд өдгөө хэдийн 40 жил болжээ. Эдгээр орон сууцууд эхнээсээ ашиглалтын хугацаа дуусаж, дулаан алдагдал нь нэмэгдэж, битүүмжлэл алдагдан, зарим нь дээврээсээ ус гоожиж улмаар өнгө зүс доройтож байна. Үүнийг дагаад оршин суугчдын тав тухыг алдагдуулж байгаа асуудал бол өвлийн улиралд хүйтэн байх явдал юм.
Зөвхөн ханаа дулаалаад асуудал бүрэн шийдэгдэхгүй. Дулаан алдалтын хувийг дундажлаж үзвэл 35 хувь нь хананаас, 25 хувь нь хаалга цонхноос, мөн 25 хувь нь дээврээс, 15 хувь нь шал, суурь, зоорины давхраасаа алддаг гэсэн судалгаа гарсан байна. Төслийн хүрээнд угсармал орон сууцны хана, дээврийг шинэчлэн дулаалахаас гадна холигч насос, дулаан хэмжигч тоолуур суулгах юм. Ингэснээр төсөлд хамрагдсан орон сууц бүр зоорины давхраасаа дулаанаа тохируулах, дулааныг 40-50 хувь хүртэл хэмнэх боломж үүсэж байгаа юм. Эрчим хүчээ хэмнэснээр хүлэмжийн хийн ялгарлыг тодорхой түвшинд багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмэр оруулна.
Энэхүү төсөл нь “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” нэрээр хэрэгжиж байна. Төслийг Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Mitigation Action Facility, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хэд хэдэн үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
2022 онд баталсан төрийн хэмнэлтийн тухай хуулиар улс, орон нутгийн төсөв, нийтийн хөрөнгийг хувийн орон сууцны засвар шинэчлэлд зарцуулахыг хориглосон. Харин энэхүү төсөл нь танд дараах боломжийг олгож байна. 2023 оны 12 сарын 30-наас өмнө оршин суугчид нь 100% гарын үсэг зурсан орон сууцуудыг дулаалах зардлын 50 хувийг оршин суугчид гаргаж үлдсэн зардлыг санхүүжүүлэгч байгууллагууд гаргахаар төлөвлөгөөнд тусгасан. Энэхүү тусламжийн хэмжээ жил бүр 5-10 хувиар буурах юм. Оршин суугчдад оногдох шинэчлэлийн ажлын төлбөрийг сар бүр хүүгүйгээр буцаан төлөх боломжийг мөн олгож байна.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд СӨХ-тэйгээ хамтран оршин суугчдын гарын үсгийг цуглуулан төсөлд хүсэлтээ ирүүлэх хэрэгтэй. Гарын үсэг зурах маягтыг www.repare.mnсайтаас татаарай.
Төсөлд хамрагдах орон сууц нь Улаанбаатар хотод байрладаг байх, Угсармал орон сууц байх, газар хөдлөлтийн үнэлгээнд хамрагдаж тэнцсэн байх гэсэн гурван шалгуурыг хангасан байх ёстой. Эдгээр шаардлагыг хангаж байвал батлагдсан зураг төслийн дагуу, салбарын мэргэшсэн инженерүүдийн хяналтад доор орон сууцаа шинэчилж, дулаан, тав тухтай өвөлжиж, үл хөдлөх хөрөнгийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой.
Угсармал орон сууц өмчлөгч, иргэд, оршин суугчид та бүхэн энэ боломжийг бүү алдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг www.repare.mn сайт болон 86055434 дугаараас аваарай.
Фэйсбүүк хуудас: Facebook/giz.mongolei