Сургууль, цэцэрлэг, спорт цогцолборын барилгууд он дамждаг, цагтаа ашиглалтад орохгүй байх нь түгээмэл. Уг нь эдгээр нь иргэний зориулалтын буюу өндөр мэргэшил, нарийн судалгаа шинжилгээ шаардахгүй барилгууд. Хөшигийн хөндийн нисэх буудлыг 12 жил барилаа хэмээн шүүмжилсэн бол түүнээс ч удаан настай барилгууд бий.
Жишээ нь СХД-ийн 214-р цэцэрлэгийг олон жилийн турш барьсан. Өнгөрсөн есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн нээлт болоход СХД-ийн 12-р сургуулийн болон Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн өргөтгөл дуусаагүй, хүүхдүүд нь цахимаар хичээллэж байв.
Шалтгааныг тодруулахад гүйцэтгэгч компаниуд нь анх гэрээ хийснээс хойш барилгын материалын, цалингийн зардал ихээхэн өссөн. Зөрүүг Сангийн яам шийдэж өгөхгүй байна гэдэг.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Энэ тохиолдолд тухайн төслийн захиалагчаас буюу БШУЯ-наас асуух хэрэгтэй. Тус яамны Хөрөнгө оруулалтын газар муу ажилласан, хяналтаа бүрэн тавиагүйгээс ийм асуудал үүсдэг. Төсөвт өртгийг Сангийн яам шийддэггүй. Барилгын төсөвт өртгийг Барилгын хөгжлийн төв, эрчим хүчний салбарын төслүүдийн зардлыг Эрчим хүчний хөгжлийн төв, уул уурхайн салбарын төслүүдийнхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тооцоолон гаргадаг. Яамны харьяаны эдгээр байгууллагад мэргэжлийн хүмүүс ажилладаг. Бид эдгээр байгууллагын болон аудитын дүгнэлтэд үндэслэн зардлыг нь баталдаг. Цалингийн өсөлтийг тухайн компани өөрсдөө хариуцах ёстой. Энэ эрсдэлийг компани үүрэх учиртай” гэв.
2010 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй, дөрвөн спорт цогцолбор байна. Энэ талаар Нээлттэй нийгэм форумд болсон хэлэлцүүлгээр судлаач Т.Тамир онцолсон. Тэрээр “Сүхбаатар, Налайх, Баянзүрх дүүрэг болон Дархан-Уул аймагт эхлүүлсэн цогцолборууд өнөөг хүртэл дуусаагүй. Тэгсэн атлаа жил бүр төсвөөс олон тэрбум төгрөг хуваарилдаг” гэсэн юм.
Сүхбаатар дүүрэгт барьж эхэлсэн спорт цогцолборыг МУИС-д худалдах тухай яриа хэлэлцээ үргэлжилж байгаа аж. Хан-Уул дүүрэгт барьж эхэлсэн цогцолборыг Усны газраас буруу байршилтай хэмээн дүгнэж, ажлыг зогсоожээ. Баянзүрх дүүргийн тухайд эхлээд үерийн далан барих ёстой гээд спорт цогцолборыг царцаасан байна.
Дархан-Уул аймгийн спорт цогцолбор
Эдгээрийн нэг нь Дархан-Уул аймгийн спорт цогцолбор. Улсын хэмжээнд байхгүй том буюу 2200 суудалтайгаар цогцолборыг төлөвлөжээ. Иймд цогцолборын зарим хэсэгт Нутгийн удирдлагын ордон байрлуулах шийдвэр гарч, захиалагч тал буюу аймгийн удирдлагууд зураг төслийг өөрчлүүлжээ.
Сангийн сайд Б.Жавхлан тус тойргоос сонгогдсон тул энэ талаар тодруулахад “Энэ нь гар бөмбөгийн, усанд сэлэлтийн гэх мэт таван танхимтай, их том цогцолбор. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед олон төслийг царцаасны нэг нь. Ирэх онд барьж дуусгана” гэв.
13 жилийн турш барьж буй барилгын гүйцэтгэгчээр нь “Нэмбар” компани ажилладаг. Анхнаасаа л энэ компани гүйцэтгэгчээр нь ажилласан. Тэд төслийг цагт нь дуусгаагүй шалтгаанаа цар тахлын хүндрэлтэй холбон тайлбарладаг. Ажлын явц одоо 73 хувь байна. Биеийн тамир, спортын хорооноос гадна аймгийн ЗДТГ хяналт тавиад ч ажил нь урагшилсангүй.
“Нэмбар” компанийн захирал О.Нэмэхболд
Энэ төслийн төсөвлөсөн өртөг
2011 онд 11 тэрбум
2012 онд 11 тэрбум (төсөвлөсөн ч царцсан)
2013 онд 11 тэрбум (төсөвлөсөн ч царцсан)
2014 онд 11 тэрбум (төсөвлөсөн ч царцсан)
2015 онд 21.4 тэрбум
2016 онд 21.4 тэрбум
2017 онд 21.4 тэрбум
2018 онд 21.4 тэрбум
2019 онд 21.4 тэрбум
2020 онд 27.1 тэрбум
2021 онд 27.1 тэрбум
2022 онд 27.1 тэрбум
2023 онд 0
2024 онд 9.8 тэрбум
Эдгээр үнийн дүнг нэмбэл нийт 232 тэрбум төгрөг болон. Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Цэрэнболд төслийн НИЙТ өртөг 36.9 тэрбум төгрөг болно гэв.
Анх буюу 2010 онд 4.4 тэрбум төгрөг төсөвлөсөн ч дуусаагүй, дараагийн цогцолбор нь Налайх дүүрэгт бий. 700 суудалтай цогцолборын гүйцэтгэгч нь “Солармед Монгол” компани. Тус компани энэ онд улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөг авчээ. Төслийн гүйцэтгэл 95 хувь. 2010 оноос хойш нийт 14.2 тэрбум төгрөг болж өссөн.
Эдгээр цогцолборын захиалагч тал болох Биеийн тамир, спортын улсын хороо. УИХ-ын гишүүн, Олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ энэ хороог удирдах болсон тул хар толгойгоороо дээрх төслүүдийг хариуцна. Хэрэв ирэх онд спорт цогцолборуудыг дуусгахгүй бол нэр дурдсан компаниудыг хар жагсаалтад оруулж, tender.gov.mn-д нэрийг нь байршуулах шаардлагатай. Учир нь үе үеийн Сангийн сайд нар олон жил дамнасан төслүүдийг цэгцэлнэ гэдэг ч арваад жилийн нүүрс үзсэн төслүүд дуусаагүй л байна.
Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд дараах нийтлэг шалтгаанаар удааширдаг гэв.
-Зураг төсөл дутуу, цэвдгийн судалгаа хийгээгүй
-Тендерээр шалгарсан ААН ажлаа бүрэн хийдэггүй эсвэл мэргэжлийн алдаа гаргадаг. Цаашид Сангийн яамнаас төсвийн хөрөнгөөр барих аливаа төслийг гурван жилээс хэтрүүлэхгүй байх шаардлага тавина гэв.