Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл Засгийн газраас есдүгээр сарын 29-нд Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд дараах санал, дүгнэлтийг өгчээ:
Төсвийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь бараг хэвшил болсон. Өөдрөг төсөөллийн гол шалтгаан нь зарлагын өсөлтийг санхүүжүүлэх хоосон эх үүсвэрийг төсвийн орлогоо өсгөж бий болгох явдал.
Нөгөө талаар төсвийн орлого, тэнцлийг батлуулах бус төсвийн зарлагыг хуульчлан баталгаажуулах сонирхолтой холбоотой. Төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлөхдөө төсвийн нийт, орлогын тусламжийн 30 орчим хувийг эзэлдэг уул уурхайн салбарын орлогоос шалтгаалдаг. Гэтэл энэ салбар нь манайхаас хамаарахгүй гадаад эрсдэл ихтэй, үнийн хэлбэлзэл өндөртэй зэрэг олон сул талтай.
Дэлхий нийтээр эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байхад манай эдийн засаг 7 хувь хүртэл өсөхөөр төсөөлсөн.
Ийм өөдрөг төсөөлөл 2024 оны төсвийн төлөвлөлтөд давтагдаж, дэлхий нийтээр эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байхад манай эдийн засаг 7 хувь хүртэл өсөхөөр төсөөлсөн нь хэт өөдрөг байна.
Өөдрөг төсөөллөөс үүдэн төсөв батлагдсанаас хойш орлогын тасалдал үүсэж, төсвийг дахин тодотгодог. Сүүлийн арван удаагийн төсвийн тодотголын наймд нь төсвийн орлого явц дунд баталсан төлөвлөгөөнөөс буурсан. Өөдрөг төсөөлөл дараах эрсдэлт үр дагавруудтай:
•Төсөв тогтмол алдагдалтай гардаг. Энэ талаар Монголбанкны 2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд “Төсвийн тэнцэл хуулийн хүрээнээсээ хэтэрч, төсвийн бодлого сүүлийн 12 жилд байнгын их хэмжээний тэлэлттэй (төсвийн алдагдал жилд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5 хувьтай) байгаа нь эдийн засгийн төсвөөс хамаарсан, эмзэг бүтцийг бий болгож байна” гэжээ.
•Төсвийн байнгын тэлэлт бий болгосноор инфляцыг өсгөдөг. Тэлэлт их хэмжээгээр хийгдсэнээс мөнгөний нийлүүлэлт сангийн бодлогоор дамжин төвбанкны хяналтаас гадуур өсөж улмаар инфляцыг хөөрөгдөх гол хүчин зүйл болж байна. Үндсэн чиглэлийн төсөлд төсвийн тэлэлт эдийн засгийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөн мөнгөний бодлогын орон зайг хумьснаар, инфляцын зорилтыг хангах, инфляцыг онилох бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна гэжээ.
•Уул уурхайн бус салбарууд эдийн засгаас шахагддаг. Энэ нь гэнэтийн их хэмжээний орлого төвлөрдөг уул уурхайн салбар нь Голланд өвчин буюу бусад салбарын бизнес хөгжих, өсөх, тэлэх эдийн засгийн боломжгүй болгодог сөрөг үр дагавар юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг дахь хувийн секторын орон зай мөн багасдаг.
•Гадаад өр, зээл өсдөг. Батлагдсан зарлагыг санхүүжүүлэх орлогын эх үүсвэр байхгүй бол зээлээр санхүүжих нь Монгол Улсын төр хариуцах гадаад өр 2021 оны байдлаар 17.1 тэрбум ам. долларт хүрэх гол шалтгаануудын нэг болсон.
Ер нь төсвийн орлогын хэт өөдрөг төсөөлдгийг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулан халах нь зүйтэй. Сүүлийн 3-5 жилд гарсан төсвийн орлогын гүйцэтгэлийн хамгийн багаар нь суурь үзүүлэлтүүдээ авдаг шинэ жишиг ч байж болно. Төсвийн орлогын хэт өөдрөг төсөөллийг халах бас нэг арга нь консерватив буюу орлогын төсөөллийг багасгах юм.
Энэ хэлбэр нь олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төсөөллүүдийн хамгийн бага үзүүлэлт бүхий төсөөллийг сонгож төлөвлөлтөө хийх арга юм.
Өөдрөг төсөөллийн эсрэг авах арга хэмжээ нь төсвийн зарлагыг орлогын бүрдэлтээс хамааран тухайн төсвийн жилдээ зайлшгүй санхүүжүүлэх, эх үүсвэр бүрдвэл санхүүжүүлэх, эх үүсвэр дутагдвал санхүүжилтийг зогсоож, дараа жилд шилжүүлэх зэргээр эрэмбэ тогтоосон хувилбаруудтай хийх явдал.
Энэ тохиолдолд төсвийг дахин тодотгох шаардлага үүсэхгүй, батлагдсан зарлагад нийцүүлэн шаардлагатай эх үүсвэрийг өр тавих замаар санхүүжүүлдгийг халах боломжтой.