Улаанбаатарт III улиралд орон сууцны 368 төсөл хэрэгжиж байснаас 131 төслийн 16 мянга 198 айлын орон сууц ашиглалтад оржээ
Шинэ орон сууцны нийлүүлэлт өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс үл ялиг буурсныг “Тэнхлэг зууч” компаниас гаргасан судалгаанд дурдсан байна. Энэ оны III улиралд Улаанбаатар хотод 69 мянга 975 айлын орон сууцны 368 төсөл хэрэгжиж байснаас 278 нь захиалга авч байжээ. Харин 37 төсөл захиалгаа зогсоож, 131 төслийн 16 мянга 198 айлын орон сууц ашиглалтад орсон байна.
Тайлант хугацаанд дахин төлөвлөлтийн байршлууд болон Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хан-Уул дүүргийн 3, 4-р хороо буюу Яармаг орчимд орон сууцны төслүүд хэрэгжиж байсныг “Тэнхлэг зууч” мэдээллээ. Хан-Уул дүүргийн 15-р хорооны орчимд хэрэгжиж буй төслүүд метр квадратын хувьд хамгийн өндөр үнэлгээтэй байгаа бол дахин төлөвлөлтийн бүс дэх төслүүд дунджийн орчимд ханштай байна.
Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.75 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн дүн боллоо. Дүүргээр нь харвал Баянзүрх дүүрэг дэх шинэ орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 16 орчим хувиар буюу хамгийн их хувиар өссөн бол алслагдсан дүүргүүд дэх орон сууцны үнэ дунджаар 10 хувиар буурчээ.
Банкны салбараас олгосон зээлийн өсөлтийн дийлэнх хэсгийг иргэдийн зээл бүрдүүлж байхад бизнесийн зээл олголт өмнөх оны мөн үеэс дөнгөж нэг хувийн өсөлттэй байгааг Монголбанк тодотгож байв. Банкны салбарын шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт олгох зээлийн нөхцөлөө бага зэрэг чангаруулаад байгаа аж. Тухайлбал: 2023 оны II улиралд барилгын салбарт олгосон зээлийн дундаж хүү 16.9 хувьтай байжээ.