Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан И-Монголиагаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл И-Монголиа-д "Foreign" цонх нээгдэж, гадаадын иргэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломжтой болжээ.
Уг цонхны онцлох хэсэгт байгаа бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах мэдээллийг immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдсэн байна.
Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд гадаад улсын бүртгэлийн дугаар авах боломжтой.
Мөн И-Монголиа аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.
Эх сурвалж: ЦХХХЯ