fitness
  • 735 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-06

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1,064 гэмт хэрэгт 1,300 хүн холбогджээ.

Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан байна. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь нь 25-аас доош насныхан, 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй гэсэн судалгааг ЦЕГ-аас гаргасан 2022 оны тайланд тусгажээ.

Харамсалтай нь жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж, тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа юм. Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэх эрсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байсан бол 2014 оноос хар тамхи хэрэглэгчид ихсэж буй орны тоонд орох болжээ. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, хэрэглээ өндөртэй улсуудад тооцогддог. Хар тамхийг галт тэрэг, автомашинаар, агаарын хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол нэмэгдсээр байна.

Мөн сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэссэн аж. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашиглан зөөвөрлөжээ.

Энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэйд тооцогдож байгааг ЦЕГ онцлов.

Хар тамхи зөөвөрлөх, дамжуулах тохиолдлыг кейсээр өгүүлье.

Кейс-1: Турк улсад суугаа монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс нэг мэдээлэл оруулъя.

Миний бие есдүгээр сарын 27-нд Истанбул-Улаанбаатар шууд нислэг захиалга хийгээд дайвар ачаа авч явахаар болсон. 26-ны шөнө 01:00 цагт хүүхдэдээ тоглоом, хувцас өгч явуулах гэсэн юм гээд нэг залуу ярьсан. Хоёр найзын хамт очиж гурван кг ачааг нь авсан. Дараа нь сэжигтэй санагдаад задлаад үзэхэд олон юманд боосон хүүхдийн тоглоом дотор хоёр цагаан нунтаг дүүрэн хар тамхи гарч ирсэн. Тэр үед айсандаа бүгдийг нь жорлонд урсгаад буцаад ирсэн.

Та бүхэн хүний дайвар битгий аваарай. Бүхэл бүтэн хүний амьдрал шүү, болгоомжтой байгаарай. Өглөө нисэхийн өмнө Монголын консулд хэлсэн. Арга хэмжээ яаж авдаг юм бол оо. Хар тамхи тээвэрлэсэн бол хүний газарт цааз. Ийм хог шаарнууд юу боддог юм бол оо.

Кэйс-2: Монголоос мориор ч болтугай гарчихвал дэлхийн хаашаа ч хямдаар нисдэг учир Финландад сурах явцдаа би Эрээн Бээжингээр дамжин Монголдоо ирж очдог байсан. Нэг удаа Эрээнээс Бээжин хүртэл Өмнөд Монгол жолоочтой таксинд сууж явсан юм. Нийт зургаан монгол хүн явсан. Залуу хос бололтой эрэгтэй эмэгтэй хоёр хамгийн арын суудалд суун, үг яриагүй замын турш унтаж явав. Нэг их ачаа ч алга, хаашаа яах гэж яваагаа ярилцах бидний ярианд ч найман цагийн турш огтхон ч оролцсонгүй. Бээжинд ирлээ тэд хамгийн эхэнд буусан. Харин Өмнөд Монгол жолооч тэднийг хар тамхи зөөдөг талаар нь ярьж эхэлсэн.

Мөн цагдаад мэдээлчихсэн бөгөөд цагдаа хэзээ ч тэднийг барихад бэлэн гэж байна лээ. Ямар их харамсал бидэнд төрсөн гээч. Хайран сайхан залуус минь ингэж явах гэж. Бүр нүдлэгдсэн, байнга явдаг гэсэн. Анх таксинд суухад жолооч хүн тус бүрд ундаа авч өгч дайлсан учрыг тэгэхэд л олсон. Сонирхолтой нь тэд тэр ундааг задлаа ч үгүй нь учиртай байсан байна лээ. Тээвэрлэгчид ходоодондоо шүднээсээ уяатай хар тамхийг залгиж явдаг, тэгээд тэр үедээ юу ч идэж уудаггүй гэнэ. Түүнийг л шалгасан шалгалт байж. Мөн хүнтэй хамаагүй ярьдаггүй. Тэдний хувь заяа хэрхсэнийг би мэдэхгүй. Монгол хар тамхийг дамжуулагч улс болсон гэдгийг харин ойлгож авсан.

Олон нийтийн сүлжээнд гэх мэтээр жишээ дурдсан нийтлэлүүд маш их байлаа. Түүнээс зөвхөн хоёрыг нь л сонгож авлаа. Ингээд хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тээвэрлэсэн. зөөвөрлөсөн тохиолдолд ямар ял шийтгэл хүлээх. хариуцлага үүрэх талаар "Legal Service Center" хууль зүйн төвийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуугаас тодрууллаа.

- Хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тээвэрлэсэн, зөөвөрлөсөн тохиолдолд ямар ял шийтгэл, хариуцлага хүлээх вэ?

- Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн. олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан. бэлтгэсэн, боловсруулсан. хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

- Давтан үйлдсэн бол ямар ял шийтгэлтэй вэ?

-Эрүүгийн хуулийн 20.7- гийн 3-т Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;
3.2.улсын хилээр нэвтрүүлж;
3.3.улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7.4.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
20.7.5 Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

- Уг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл бий юу?

- Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй.

- Тухайн гэмт хэргийг үйлдээд гадаадын улс оронд баригдвал яах вэ?

- Тухайн улсын хуулиараа шийтгэнэ. Ихэнх улс орон бүх насаар нь хорих ял шийтгэдэг. Маш чанга ялтай гэмт хэрэгт тооцдог.

Бусад мэдээ

ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов

ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ши

Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлахаар болжээ

Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлахаар болжээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.