Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиковыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд хоёр улсын Засгийн газар хооронд 1995 оноос эхлэн эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлэв.
Тэрбээр, Монгол-Оросын хилийн дагуух бүс нутагт тарваган тахал болон байгалийн голомтот бусад халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор байгалийн голомтын тандалт судалгааг тогтмол хийх хэрэгтэйг дурдлаа. Энэ хүрээнд мэдээлэл солилцох, тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хээрийн хамтарсан дадлага сургуулилалт хийх, тархвар судлал, нян судлалын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зэргээр зоонозын өвчний чиглэлээр дунд болон урт хугацаанд үргэлжлүүлэн хамтран ажиллахад дэмжлэг хүслээ.